
“Нарны гүүр” ашиглалтад орж нар гарав. Нар гарч байгаа шалтгаан нь их хотын замын хөдөлгөөний түгжрэл буурах байх гэсэн итгэл үнэмшлээс үүдэлтэй. Гэхдээ “Нарны гүүр”-ийн нээлтэд өөрсдөө барьж босгосон ч юм шиг малийсан царайтай хурган дарга нар яасан их байв аа. Ерөнхий сайд, хотын дарга бол яах гэхэв, ирэх ёстой хүмүүс. Иргэдийн төлөөлөгчдөөс эхлээд, эсгий хийхэд нохой хэрэггүй гэдэг шиг хүмүүс их олон харагдлаа. Гүүрний нээлтэд яамны урлаг соёл хариуцсан дарга дээгүүр морилох ямар хэрэг байна. Автозам, бүтээн босголттой холбоотой хүмүүс бүр толгой дараалан иржээ. Бид хийгээгүй, өөр улсын хүмүүсээр өөрсдийнх нь мөнгөөр хийлгэчихээд яасан ч их ажлын дүртэй оролцов.

За яах вэ, бид энэ гүүрийг чинь хэдхэн жилийн дараа хэд хэдээр нь барьж чаддаг болчихно. Яагаад гэхээр “Нарны гүүр”-ийг барихад 90 монгол ажилчин гар бие оролцсон юм. Эдгээр 90-ийн нэгээс гүүр барих гурван жилд юу сурч, юуг ажигласаныг нь тодруулсан юм. “Нарны гүүр” төслийн туслан гүйцэтгэгч “Улаанбаатар” компанийн угсралтын бригадын ажилчин А.Энхболдтой товчхон ярилцав.
-“Нарны гүүр” ашиглалтад орж, шинэ бүтээн байгуулалтын шилдэг жишээ боллоо. Та бол энэ гүүрийг бүтээн босголцсон хүний нэг. Япончуудын гүүр барих туршлагаас суралцсан биз дээ. Онцлог, давуу тал гээд тодотговол юу хэлмээр байна вэ?
-Япончууд ер нь материал багажаар их сайн хангадаг. Манайхыг бодох юм бол см битгий хэл мм алдахгүй. Манайхан бол таван мм дотор хийчихдэг. Харин япончууд нэг ч мм зөрүүлдэггүй юм билээ.
-Монгол ажилчид ер нь хэр шахуулж шаардуулж ажиллаж байв. Монголчууд Монголдоо бүтээн босгохдоо хайнга, хойрго гээд байдаг даа.
-Би энэ гүүрний ажил дээр суурь тавихаас нь эхлээд ажилласан. Өдөр шөнөгүй л ажилласан. Гэхдээ цагаа ягштал барина. Өдөр нь хийх юмаа өдөрт нь, шөнөд нь хийх юмыг яг шөнөд нь хийдэг. Япончууд шахсаны хувьд шахсан. Шахсаны хэрээр ийм сайхан гүүрийг бүтээн босгочихоод байна.
-Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал гэдгийг хэр мөрддөг юм байна?
-Хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өглөө бүр өгдөг. Хамгаалалтын малгайгаа яаж өмсөх вэ гэдгээс эхлээд өндөрт ажиллах юм бол бэхэлгээний бүс, малгайны бүчийг яаж бэхлэх вэ гэх мэтээр байнга хэлж өгнө. Дээр, дор хаана ч ажилласан гэсэн.
-Япончууд 100 жилийн баталгаа өгөөд байгаа шүү дээ. Таны бодлоор энэ гүүр 100 наслах болов уу?
-Чанарын хувьд ярих юм байхгүй. Хийж байхад чанаргүй цутгамал ирдэг л байсан. Өнөөхийг нь цутгасны дараа дээрээс шалгалт ирээд энэ стандартад таарахгүй гээд эргээд ховхлуулсан хэд хэдэн удаагийн тохиолдол бий. Жишээ нь гэхэд л “Нарны гүүр”-ний дор хоёр тонн асфальт дэвссэн юм. Стандартад нийцэхгүй байна гээд эргэж хуулуулахад 20 сая төгрөгийн гарлага гарч байсан. Асфальт нийлүүлсэн компани “шатсан” гэсэн үг л дээ.
-
Материалаа бол дотоодын ханган нийлүүлэгчдээс авсан уу?
-Тэгсэн. Хамгийн гол нь манайхан стандарт хангахгүй материал нийлүүлээд байсан юм. Багаж , тоног төхөөрөмж, машин техникээ бол Японоос оруулж ирсэн л дээ. Төмөр замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр барих хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашигласан.
-Манай монгол ажилчид япончуудын гүүр барих туршлагаас судлаж, суралцсан биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Гол нь материал, багаж төхөөрөмжөөр нь хангаад өгвөл монгол ажилчид тийм муу биш шүү дээ.
-Ингэхэд хэдэн төгрөгөөр цалинжсан бэ?
-Дунджаар 900 мянган төгрөгөөр.
-Өвөл нь ажилгүй зогссон уу?
-2009 оны арваннэгдүгээр сард ажил эхэлсэн шүү дээ. Нэгдүгээр сард л ганц сар амарсан даа.

Л.Мөнхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ