
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 15.00 цагт товлогдсон ч МАН-ын гишүүд болох Сү.Батболд, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, С.Бямбацогт гээд нэлээд олон улс төрчид том буйдангаар чуулганы танхимын үүдийг хааж сууцгаалаа. Тэд “Хууль гууль боллоо” хэмээн эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Харин чуулганы хаалгыг хааж суусан МАН-ны гишүүд дээр сая Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ирж уулзан “Өглөө гишүүдийг ордны хаалгаар оруулахгүй байсан.
Бид үүнд тэвчээртэй хандсан. Одоо харин УИХ-ын гишүүд байж чуулганы үүдийг хааж болохгүй. Тиймээс асуудлыг шийдхийн тулд бид чуулганаа эхлүүлээд бүгдээрээ дотор ороод ярих хэрэгтэй. Хэдий ардчилсан нийгэм ч гэсэн ингэж эсэргүүцлээ илэрхийлж болохгүй. Хэдий болтол ингэж суух вэ. Сууж дууссаныхаа дараа хэлээрэй. Үүний дараа танхимдаа орж хурлаа хийе. Бид шүүхийн шийдвэр зөрчсөн юм байхгүй.Сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийг дагах ёстой. Бид анхдугаар хуралдаанаас хуулиа мөрдөөд явсан бол байдал өнөөдөр ийм болохгүй байсан. Тиймээс үдээс хойшхи хуралдаанаа үргэлжлүүлэн зааландаа ороод хэлэлцэе” гэсэн саналыг тавилаа.
МАН-ынхан: “Бид олон удаа бүлгээрээ уулзаж ярилцаж байсан. Гэтэл сонгуулийн ардчилал өнөөг хүртэл харагдахгүй байна. Өнөөдөр хуулийн хүрээнээс, чуулганы заалны хүрээнээс энэ асуудал хальж байна. Шүүхийн шийдвэр дахин хэлэлцэхээр гарсан байхад гишүүдээ тангараг өргүүлэх гээд байна. Тиймээс бид хууль зөрчөөгүй учир тэмцлээ биднийг сонсох хүртэл үргэлжлүүлнэ. Хэрвээ чуулганы эхлэх юм бол та нар биднийг сонсохгүй бүгдийг хүчээр шийднэ” гэлээ.

Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ