
Хойд Америк, Монголын хоорондох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол дахь хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго бүхий Вашингтонд төвтэй төрийн бус байгууллага Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлөөс Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг хөрөнгө оруулалтын ээлжит 15 дугаар бага хурал 10 дугаар сарын 16-18-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрөв.
Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү бага хуралд Монгол, АНУ, Канадын Засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагуудын 150 гаруй төлөөлөгч оролцов.
Бага хурлын нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд оролцож, Монголын ардчиллын хөгжлийн түүх, сорилт, өнгөрсөн 6 дугаар сард болсон Парламентын сонгуулийн үр дүнгийн талаар дүгнэн ярьж, Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийв.
Бага хуралд АНУ-ын Худалдааны департаментийн нарийн бичгийн даргын орлогч ноён Ж.М.Андерсон тэргүүтэй төлөөлөгчид Вашингтоноос хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр АНУ-ын худалдааны бодлого, Америк, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн талаар илтгэл тавив. Мөн АНУ-ын Элчин сайд хатагтай П.Кемпбэлл, Канадын Элчин сайд ноён Г.Гоулдхоок нар тус тусын Засгийн газрын Монгол Улстай эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэл, бодлогыг тайлбарлан үг хэлэв.
Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг бага хурлын төлөөлөгчдийг хүндэтгэн Их Тэнгэрт хүлээн авч, Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа, төлөвлөж буй ажлууд, гадаадын хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын товч мэдээлэл хийн төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулав.
Бага хурлын хүрээнд АНУ, Канадын компаниудын төлөөлөл Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын нөхцөл, хууль эрх зүйн орчинтой танилцан мэдээлэл солилцсон ба “Уул уурхай ба ашигт малтмал”, “Эрчим хүч ба дэд бүтэц” болон “Газжуулах технологи” сэдвээр тус тус илтгэл тавигдаж, нээлттэй санал солилцоо явагдав.
Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун тус бага хуралд урилгаар оролцож, монголын байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын талаар илтгэл тавьсан хэмээн
Гадаад харилцааны яамнаас мэдээллээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ