
МАН-ын эрхмүүд тэмцлийн эгнээнд жигдрэхэд хар нялхаараа байна. Тэд Өвөрхангайгаас нэр дэвшсэн хоёрыгоо парламентад багтааж чадаагүйн төлөө УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хөндөлсөн зөөлөн буйданд тухалжээ. Эрхэм гишүүдийн гарт “Хууль гууль боллоо”, “АН-ын СЕХ огцор”, “Монголын ардчилал 22 жилийн дараа нас эцэслэв” гэх мэт бичиг харагдана. Заримынх нь гар чилсэн бололтой туслахаараа оосор хийлгүүлэн хүзүүнээсээ зүүсэн байв. Н.Энхболд гишүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа камерын өмнө ичингүйрсэн маягтай мөнөөх бичгээ эв хавгүйхэн нуусхийжээ. Харин овоо дориун У.Хүрэлсүх огт харагдсангүй.
Тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг суудалдаа урьж, “Бид ямар нийгэмд амьдарч байна вэ” гэсэн бичиг бариулж түр суулгав. Экс гишүүн Л.Гүндалай “эд нар надаас зөвшөөрөлгүй авалгүй миний патентыг хулгайлчихаж” хэмээн егөөдсөн бол Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “пөөх нэг үе ганцхан Гүндалай тэмцдэг байсан одоо долоон Гүндалай сууж байна ш дээ” гээд хуруугаа гозойлгон тоолж байлаа. Бас Ж.Батзандан гишүүн ирээд “Ингэж буйдан дээр суугаад дулаахан тэмцдэг арга байдаг юм уу. Бид 40 хэмийн хүйтэнд цардмал талбай дээр л байсан ш дээ” гэв. Хэрвээ тэд гудамжинд суусан бол ард түмний амнаас мөн ч олон гашуун үгийг чихээ алт болтол сонсоно доо.
Үнэхээр ч МАН-ын эрхмүүдэд тэмцлийн ийм хэлбэрт шилжиж буй шинж тэмдэг, итгэл үнэмшил ер алга. Хүүхэд шиг ичингүйрсэн маягтай, хүн харахаараа гар хуруугаа оролдож, хувцасны товчоо товчилж нэг, тайлж нэг үзсэн хүмүүс байх юм. Хүүхдүүд нээрээ ийм дээрээ л хөөрхөн байдаг юм даа.
Цагтаа цалгиж, цалингаа буухаар тоохгүй явсан спикер, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн яамны дарга, насаараа төрөөр түшүүлж яваа түшээд ийнхүү зохиогүй тэмцэлдээ зовж суугаа нь “Үйл үйлээ эдэлнэ” гэсэн латин үгийг эрхгүй санагдуулна.




















Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ