
Нийслэлд одоогоор 11 худалдааны төв үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр төвийн талаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан дээр хэлэлцсэн байна
. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн / зах/ тухай товч мэдээллийг өгчээ. Тэрээр "Захууд хүн амд худалдаа үйлчилгээ үзүүлж, нийгмийн тодорхой хэсгийг ажлын байраар хангаж байгаа боловч хотын төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа нь авто замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэлийг бий болгож байна. Мөн их ашиг орлогын хойноос хөөцөлдөж Нийслэл хотынхоо хөгжил, хот тохижилтыг сайжруулах тал дээр бодит хувь нэмэр оруулахгүй байна.
Тиймээс цаашид үйл ажиллагаа явуулж буй захаас “Нарантуул” ОУХТөв, “Хар хорин”, “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг томоохон захуудыг хотоос гадагш шилжүүлэн байршуулах, Хотын төвийн / А,Б бүсэд/ худалдааны төв болон зах ажиллуулах зөвшөөрөл нэмж олгохгүй байх, шинээр ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэх худалдааны төвүүд нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгодог журмыг бий болгох нь зүйтэй" гэжээ
Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Зах бол төрийн өмчийн газрыг түрээсээр эзэмшиж байгаа, иргэддээ үйлчлэх зориулалттай аж ахуйн нэгж. Гэвч одоогоор түрээслэгчдийн эрүүл мэндийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Тиймээс шинээр байгуулагдаж байгаа ажлын хэсэг цаашид захын барилга болон үйл ажиллагааны тодорхой стандартыг бий болгож, хэрэв стандартыг биелүүлээгүй бол газар эзэмших гэрээг нь цуцлах арга хэмжээ авах талаар анхаарлаа хандуулан ажиллах ёстой" гэсэн байна. Хуралдаанаар, Нийслэлд ажиллаж байгаа бүх төрлийн захын үйл ажиллагаатай танилцан, холбогдох гэрээний биелэлтийг шалган, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батаар ахлуулан байгуулах тухай Засаг даргын Захирамж гаргахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ