БЗД-ээс сонгогдсон дөрвөн гишүүн тэрбумаа дуусгажээ
Баянзүрх дүүргээс сонгогдсон 4 гишүүний 3 нь тойрогтоо зарцуулахаар төсөвт суулгасан тэрбум төгрөгөө зарцуулж дуусгасан байна. Гишүүдийн 3 тэрбум төгрөгийн ихэнх нь гэр олгох, сургууль, цэцэрлэг, байшингийн засвар, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто машин олгох зэрэгт зарцуулагджээ.Баянзүрх болон Налайх дүүргээс УИХ-д З.Алтай, Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг, Ц.Батбаяр суудалтай. Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг гишүүдийн хувьд АН-аас сонгогдсон учраас, хүч нийлж дүүргийн тулгамдсан асуудалд хөрөнгө оруулсан гэж байна.
Харин З.Алтай гишүүний хувьд энэ мөнгийг эсэргүүцэж байсан хүний нэг. Гэвч авахгүй гэхээр дүүргийн ард түмэн хохирчих гээд байгаа тул, аваад хөрөнгө оруулалтанд зарцуулчихсан гэж байна. Түүний хувьд орон сууц, сургууль цэцэрлэгийн засвар гээд жижиг зүйлд зарсан. Харин томоохон бүтээн байгуулалт гэвэл Налайх, Улиастай, Сансар, Жуков зэрэг газруудад усан оргилуур бүхий амралт чөлөөт цагийн талбайг бий болгосон гэж байна. Мөн 400 сая төгрөгийг Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэдэх Диатизийн үндэсний төв босгоход хандивласан байна.
Тэгвэл энэ дүүрэгт МАН-аас сонгогдсон эрхэм Ц.Батбаяр гишүүний хувь ямар хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхой бус. Бид түүнээс мэдээлэл авахаар төрийн ордноор хэрэн хэсч нүх сүв болгоноор хайхад хүрсэн ч олоогүй. Түүний хувьд сүүлийн үед УИХ-ын нэгдсэн чуулганд үзэгдэхээ больсон. Бүр ирэх оны улсын төсөв батлах өдөр ангидаа ирээгүй гишүүдийн нэг нь байсан юм.
Гишүүдийн гэх тодотголтой мөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтыг дүүргийн засаг дарга арай том бүтээн байгуулалтанд зарцуулагдвал үр дүнтэй гэлээ. Дөрвөн гишүүн мөнгөө нийлүүж байгаад шинээр сургууль, цэцэрлэг барьсан бол илүү байх байсан гэж байна.
Ч.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ