
МАН-ын гишүүдийн жагсагчдын төлөөлөл саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандан шаардлага хүргүүллээ. Эл шаардлагыг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Я.Содбаатар, С.Бямбацогт нар албан ёсоор Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “МАН-ын хийж байгаа алхам хууль битгий зөрчөөсэй.Чуулганы танхимын үүдийг тагласан диванаа зайлуулах хэрэгтэй. Би үйл явдлыг их тэвчээртэй харж байгаа. Сонгуулийн үеэр улаан цайм мөнгө тараасан үйлдлүүд гарсан. Өвөрхангайн тойрогт хэл ам гарсан. Шүүх асуудлыг авч үзээд СЕХ шийдвэрээ гаргасан. УИХ бол шүүх биш. Хууль тогтоох байгууллага. Тиймээс СЕХ-ны шийдвэрийг дагаж байгаа” гэлээ.
Гишүүн С.Бямбацогт “Шүүхийн процесс дуусаагүй байхад хоёр нэр дэвшигчээр тангараг өргүүлэх гэсэн нь буруу. Үүнийг эсэргүүцсэн жагсаалыг УИХ дахь МАН-ын 25 гишүүн, бие даагчид дэмжиж байгаа. Тангараг өргөх асуудлыг хойшлуулаад УИХ-аар бусад асуудлаа хэлэлцье” гэсэн юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг сонгуулийн маргааныг СЕХ, Шүүх шийдэх асуудал болохоос биш гишүүдийн асуудал биш гэв. Тиймээс эл асуудлыг Шүүх авч хэлэлцээд, СЕХ шийдвэрээ гаргаж, АН-ын хоёр хүн тангараг өргөх юм байна гээд УИХ-ын даргад өргөн барьсан гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ