
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар Нийслэлийн төр, захиргааны байруудын ашиглалтын талаар болон цаашид авах арга хэмжээний тухай Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан дээр товч мэдээлэл өглөө. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Төрийн байгууллагын байрлаж буй байранд түүний үйлчилгээг эрхлэдгээс бусад аж ахуйн нэгж байгууллага байрлахыг хориглоно гэж заасан байдаг.
Үүний дагуу түрээсээр эзэмшүүлж буй байруудыг суллаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг байршуулах, Нийслэлийн Төр захиргааны байгууллагууд зохион байгуулалтад орж нэг дор төвлөрөх, нэгдсэн данс бүртгэлтэй болох, барилга байгууламжуудын ашиглалт үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах, зорилгоор нийслэлийн төр захиргааны байруудын нэрийг өөрчлөх шаардлагай болсон гэдгийг мэдээллийн эхэнд дурдсан.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрлаж буй байр буюу төв ордонг, Нийслэлийн Засаг захиргааны I байр, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын байрлаж буй “Хангарьд" ордонг II байр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байрыг III байр, “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн байрлаж буй байрыг IV байр, Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын байрлаж буй байрыг V байр гэж тус тус нэрлэе гэсэн саналыг оруулан хэлэлцүүлэв.
Нийслэлийн Засаг дарга, засаг захиргааны байранд түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай хуулийн заалттай ч түрээсийн гэрээгээ зөрчөөгүй, ямар нэг алдаа дутагдал гаргаагүй албан байгууллагыг бид хохироож болохгүй, тэдний эрх ашгийг хүндэтгэн үзэх ёстой гэв.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, бид түрээслэгчдийг хүндэтгэн үзэх ёстой ч төрийн ажлыг иргэддээ илүү хүртээмжтэй болгохын тулд, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Тиймээс нийслэлийн төр захиргааны байруудыг зориулалтаар нь ашиглах нь зөв юм. Бид анхан шатны мэдүүлгээ түрээслэгч байгууллагуудад өгсөн. Одоо хуулийн дагуу бүх асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд түрээсийн гэрээний хугацаанд ямар нэг байдлаар зөрчил дутагдал гаргаагүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад нөхөн олговор олгох хэрэгтэй. Хууль, захирамжинд заасан хугацаанд түрээслэгчдийг нүүлгэе. Гэхдээ шаардлагатай гэж гэж үзвэл тэдэнд нөхөн олговор олгох асуудлаар УИХ-д хандах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ хэмээн Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ