Чуулганд үг хэлэв

img

НҮБ-ын ЕА-н 66 дугаар чуулганд оролцож буй  ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал Н.Тулга  энэ сарын 17-ны өдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын онцгой хэрэгцээтэй холбогдуулан авах тодорхой арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцсэн 2 дугаар хорооны өнөөдрийн хуралдаанд үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, 2014 онд болох ДГХБО-ын "Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн 10 жилийн хэрэгжилтийг хянах бага хурал”-д Монгол Улс ач холбогдол өгч байгааг онцлоод, далайд гарцгүй орнууд хөтөлбөрийн хүрээнд транзит тээвэр болон тээврийн үйлчилгээ зэрэг зарим салбарт үр дүнд хүрсэн боловч өнөөгийн олон талт хямрал, түүхийн эдийн үнийн хэт хэлбэлзэл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг гадаад нөлөөлөлд эмзэг, мөн хөдөө аж ахуй, уул уурхайн салбараас хараат байгааг  дурдаж, энэ нь эдийн засаг, нийгэм болон байгаль орчны хөгжил, улмаар МХЗ, Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд тус тус сөргөөр нөлөөлж  буйг тэмдэглэв.

Иймд ДГХБО-ын эмзэг байдлын шалгуур үзүүлэлтийг боловсруулах талаар НҮБ-ын ЕА-н өнгөрсөн чуулганаар батлагдсан тогтоолыг хэрэгжүүлэхийн чухлыг цохон тэмдэглэж, манай улсын санаачлагаар Улаанбаатар хотноо байгуулах гэж буй ДГХБО-ын олон улсын судалгааны төвийн тухай Засгийн газар хоорондын олон талт хэлэлцээрт  нэгдэн ороогүй далайд гарцгүй орнуудыг нэгдэн орохыг уриалж, төвийн ажиллагааг даруй эхлүүлэх  бэлтгэл ажлыг манай Засгийн газар ханган ажиллаж байгааг мэдээлэв. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын Доха-гийн үе шатны хэлэлцээнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, худалдааг хөнгөвчлөх,  транзит тээврийн асуудлаар  "Транзит Монгол", " Гаалийн электрон нэг цонх"  гэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгааг хэлсэн үгэндээ дурдав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ