Д.Дондогийг шүүж, Д.Батхуяг хоригдоно
Нийслэлийн прокурорын газар хянагдаж буй хэргүүдийн шалгах явцын талаар тус газрын орлогч прокурор Ё.Сагсайгаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн асан Д.Дондог
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг өнгөрөгч долдугаар сараас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд сэргээн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл уг хэргийг нийслэлийн Прокурорын газраас тун удахгүй шүүхэд шилжүүлнэ гэж тус газрын орлогч прокурор Ё.Сагсай мэдээллээ.
Уг хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан н.Ариунболд гэгч хамтран оролцогчоор шалгагдаж яллагдагчаар татагджээ. н.Ариунболдыг албан тушаалаа ашиглан хээл хахууль авсан хэрэгт буруутган Д.Дондогтой хамтран хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм.
Хэргийн талаар товч сануулбал, УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг өнгөрөгч 2011 оноос Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон анх шалгасан боловч УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдгээр хаацайлан хэргийг түтгэлзүүлсэн юм. Д.Дондог нь 2009 онд иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран “Барилга барих газар олж өгнө” хэмээн нэгэн компанийн захирлыг мэхэлсэн гэх хэрэгт холбогдсон.
Гэхдээ уг хэргийг АТГ, УМБГ-т шалгаагүйн учир нь цагдаагийн ажилтан холбогдсонтой холбоотой гэнэ. Д.Дондог УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлсэн тухай гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан байдаг.
АМГ-ын дарга асан Д.Батхуяг
Хайгуулын 120 лиценз хууль бусаар олгосон хэрэгт татагдсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусч, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Түүнийг “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авсан нь мөрдөн байцаалтын явцат тогтоогдсон байна.Өөрөөр хэлбэл, Д.Батхуяг нь тус компанийн лицензийг нь компаниас өөрөө авч, хэлстийн дарга Н.Даваацогтоор шийдвэр гаргуулж, өөрийн найзын “Зэлэм” компанид хууль бусаар шилжүүлж өгсөн. Тэр хууль бусаар шилжүүлж өгсөн 52.61 дугаартай хайгуулын лиценз нь нийтдээ 72 мянган их газарт хамаарсан 42 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон аж. 2010 оны зах зээлийн ханшаар 2 тэрбум долларын өртөг бүхий нөөцтэй ордыг хууль бусаар бусдад шилжүүлсэн зэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж байгаа гэнэ. Түүнчлэн Д.Батхуягийг өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч хяналтын прокурор нь хүсэлтийг нь хүлээн аваагүй юм байна.
Экс Засаг дарга Ц.Болд
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг АТГ-аас 2006 оноос хойш Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм.
Улмаар Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Уг хэргийг анхан шатны шүүхээс хохирлын хэмжээ тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч тун удахгүй шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон аж. У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ