Британийн эмч нар жил бүр мэргэжлийн шалгалт өгнө

img

Их Британид эмч нарын мэдлэг, мэргэжлийг үнэлэх шинэ тогтолцоо нэвтрүүлж байна. Одоо тэд өөрсдийн мэдлэгийг жил бүр шалгуулж, цаашид ажиллаж чадна гэдгээ нотлох үүрэгтэй болж байна. Эрүүл мэндийн тогтолцоог зохицуулах энэ шинэ журмыг сүүлийн 150 жил дэх хамгийн том өөрчлөлт гэж британичууд үзэж байгааг  “Гуардиан” сонинд дурджээ.
2012 оны арванхоёрдугаар сараас нэвтрүүлж эхлэх эмч нарын мэдлэгийг үнэлэх шинэ тогтолцооны тухай Эрүүл мэндийн сайд Жереми Хант мэдээлсэн байна. Шинэ журмын дагуу, эмчийн мэдлэг, мэргэжлийг хоёр шаттайгаар шалгах ажээ. Эхний шатанд мэргэжлийг жил бүр шалгаж, энэ үеэр  янз бүрийн мэдлэг, түүний дотор мөрдөж буй эмчилгээний стандарт, тэргүүний технологи болон эмчилгээний нэн шинэ аргын тухай мэдлэгээ харуулах ёстой юм. Үүнээс гадна шалгагч байгууллага нь эмчийн үйл ажиллагааны талаар  өвчтөнүүд болон сувилагч нарын санал хүсэлтийг авах ажээ. Таван жилд нэг удаа болох эмчийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх хоёр дахь шатны явцад шалгагч байгууллага энэ жилүүдэд цуглуулсан “эмчийн мэдлэгийн тухай баримтууд”, түүний дотор  жил тутмын мэргэжлийн шалгалтын дүнг хэлэлцэх юм. Улсын эрүүл мэндийн системд ажиллаж байгаа эмч нар болон хувийн эмнэлгийн байгууллагыг  ажлын байр  болгон сонгож авсан эмч нарын аль аль нь ийм шалгалт  заавал өгнө. Аттесататчилах шинэ системийг 2012 оны арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж  эхлэх бөгөөд  жил бүрийн мэргэжлийн шалгалт өгөх эхний хүмүүс нь эмнэлгийн янз бүрийн шатны удирдах хүмүүс байх юм. Ажиллаж байгаа бүх эмч ирэх оны дөрөвдүгээр сард  зохих шалгалт өгөх ажээ. Бүх шатны шалгалт авах ажлыг хариуцах байгууллага нь Британийн анагаах ухааны ерөнхий зөвлөл болсон бөгөөд тус зөвлөлийн ерөнхийлөгч эмч нарын мэргэжлийг дүгнэх шинэ тогтолцоо нэвтрүүлэхийг арав гаруй жилийн турш санал болгож байжээ. “Аттестатчлал нь эмч бүр мэргэжилдээ гойд сайн  байх болно гэдгийг баталгаажуулсан шидэт тан эм бишээ. Энэ арга хэмжээг  баттай нэвтрүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Түүнчлэн бид мэргэжлийг дүгнэх энэ загварыг үнэлж,  сайжруулах шаардлагатай болно” гэж дээрх зөвлөлийн гүйцэтгэх захирал Ниалла Диксоны хэлснийг сонинд иш татсан  байна. Үнэлгээний шинэ системийг нэвтрүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн сайд Жереми Хант ч нотолжээ. Анагаах ухаанд  хэрэглэж буй шинэ арга, технологийн тухай эмч хүний мэдлэгийг шалгах  үнэлж баршгүй ач холбогдолтой бөгөөд энэ нь олон хүний амь насыг аврахад нь түүнд тусална гэж сайд хэлсэн байна. “Чухамхүү тиймээс санал болгож буй аттестатчилах тогтолцоо маш чухал юм” гэж тэр онцлон тэмдэглэжээ. С.Золбоо      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ