
Шинэчилж шийдье - 222 хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Алтанхуягт хандаж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчин сүйтгэж байгаа тухай иргэдийн тавьсан санал хүсэлтийн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас шалгалт хийжээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум бол Монгол орны хамгийн үзэсгэлэнт байгальтай газар нутгийн нэг. Ерөө сумын нутаг Могойн гол, Ялбаг гэх газарт 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр алт олборлоод нөхөн сэргээлт хийлгүй үлдээсэн газар нутагт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээг Сэлэнгэ аймгийн Засаг дарга нөхөн сэргээлт хийх эрх бүхий зарим компанитай байгуулжээ.
Гэрээнд урьд ашигласан хаягдал шороо буюу овоолгыг дахин угааж нөхөн сэргээлт хийх зардлаа гаргаж авах тухай заасан байна.
Гэтэл энэ нь “ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг ашиглахыг хориглох тухай” хуулийн заалттай зөрчилдөж байгаа юм.
Улсын мөрдөн байцаах газрын холбогдох хэлтсээс энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, техник хэрэгслэлийг нь битүүмжилсэн ч зарим нэг нь үйл ажиллагаагаа үргэжлүүлсээр байсан юм.
Баянсуут компани энд ашиглалт явуулахдаа гэрээнд зааснаар хаягдал шороог ашиглалгүйгээр шинээр хөрс хуулж, өмнө нь олборлолт хийгээгүй газарт үйл ажиллагаа явуулсан байна.
Ингэхдээ голын гольдролыг өөрчилсөн, ургаа мод унагасан зэрэг зөрчил гаргасан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид дээрх үйлдлийг газар дээр нь таслан зогсоож, техник хэрэгслэлийг дахин битүүмжилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ