Дээд шатны сонгуулийн хороо доод шатныхаа хорооны хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож эрхтэй

img

Г.Батхүү, Д.Зоригт нарын өмгөөлөгч Г.Мөнхболдоос 10 дугаар тойргийн асуудлын талаар дараахь албан ёсны тайлбарыг авсан юм.

  -Өвөрхангайн сонгуулийн маргаан олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Өвөрхангай аймаг дахь сум дун­дын шүүх ямар асуудлыг шийдвэрлээд, юу гэсэн утгатай шийдвэр гаргасан юм бэ? -Энэ асуултад хариулахын тулд 2012 оны сонгуулийн сурталчилгааны явцад УИХ-ын Сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хуулийг хэрхэн зөрчиж, иргэд сонгогчдын сонголтод нөлөөлсөн талаар эхлээд өгүүлэх шаард­лагатай. МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар болон тэдний ухуулагч, тусла­хууд нь иргэд сонгогчдод мөнгө, архи бусад эд зүйл тараасан, насанд хүрээгүй хүмүүсийг сурталчилгаанд ажиллуулсан, хуулиар тогтоосон тооноос илүү ухуулагчтай байсан зэрэг зөрчлийг нь гэрчийн мэдүүлэг, иргэдийн өөрсдийнх нь мэдээлэл, дүрс бичлэг зэргээр баримтжуулсны үндсэн дээр Өвөрхангай аймгийн сонгуулийн 10 дугаар тойргийн хороонд Г.Батхүү, Д.Зоригт нарын сонгуулийн менежерүүд хандаж хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүсч гомдол гаргасан байдаг. Тойргийн хороо гомдлыг  2012 оны зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд насанд хүрээгүй Баттулгын Булганаа, Баясга­лангийн Сэлэнгэ нарыг сонгуулийн сурталчил­гаанд ашиглаж Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.16-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон. Хэрвээ нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18-д заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 35.34 болон 35.35-д заасны дагуу нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах  буюу хэрвээ уг зөрчил нь санал хураалт болсны дараа тогтоогд­вол нэр дэвшигчид олгосон УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох хуультай. Гэтэл Өвөрхан­гайн тойргийн  хороо асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэлгүй зөвхөн Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд зөрчлөө таслан зогсоохыг мэдэгдсэн болоод л өнгөрсөн. Үүний улмаас сонгуу­лийн хуулийг ноцтойгоор зөрчсөн С.Чинзо­риг, Н.Тө­мөр­хүү нар санал хураалтад орох нөхцөл бүрдсэн. Маргааны үндэс  Өвөр­хангайн тойргийн хорооны энэхүү хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй юм. -Анхнаасаа хууль зөрчсөн үйл­дэл нь баримтаар нотлогд­сон бай­хад Өвөрхангай айм­гийн тойргийн хороо будилаан­туулсан хэрэг үү? -Тийм. Өвөрхангайн тойргийн хороо С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын гарга­сан зөрчлийг хуулийн дагуу шийдвэр­лээгүй учир  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр­лэх тухай хуульд заасны дагуу өөрийн оршин суух газрын шүүх болох Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж Өвөрхангай аймагт УИХ-ын 2012 оны Сонгуулийн суртал­чилгааны ажлын явцад МАН-аас нэр дэвшигчид нь Сонгуулийн хуулийг дээрх зөрчлүүдээр ноцтойгоор зөрчсөн гэдгийг тогтоолгохоор  нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэлэлцээд 2012 оны долдугаар сарын 3-ны өдөр 950 дугаар шийдвэ­рийг гаргасан. Гэвч уг шийдвэрийг С.Чинзориг, Н.Төмөрхүү нар эс зөв­шөөрч хууль бус арга замаар Нийслэ­лийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн шүүх 950 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон. Ийн­хүү хүчингүй болгохдоо Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг буруу гэж үзээгүй. Харин үйл явдал болсон газрын шүүхээр нь шийдвэрлүүлэх, түүнчлэн мөнгө, эд зүйл тараах зөрчил нь гэмт хэргийн эсхүл захиргааны шинжтэй зөрч­лийн аль нь болохыг Цагдаагийн байгуул­лагаар шалгаж тогтоолгосны үндсэн дээр эрүүгийн ял эсхүл захиргааны шийтгэлийг шүүх ногдуулах нь зүйтэй гэж шийдсэн. -Тэгээд Өвөрхангайн сум дундын шүүхэд хандсан болж таарах нь ээ? -Нийслэлийн шүүхийн магадлалд заас­ны дагуу үйл явдал болсон газрын буюу Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдү­гээр шүүхэд хандаж  сонгуулийн суртал­чил­гаанд насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулсан асуудлыг нь тогтоолгохоор, харин мөнгө, эд зүйл тараасан асуудлыг нь гэмт хэрэг мөн эсэхийг нь тогтоо­лгохоор  Өвөрхангай аймаг дахь Цагдаа­гийн хэлтэст хандаж гомдол гаргасан. Ийнхүү шүүх болон цагдаа­гийн бай­гуул­лагад тодорхой асуудал тус бүрээр нь хандсаны дагуу Өвөр­хангай аймаг дахь Сум дундын нэгдү­гээр шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулсан болох, ийнхүү ажиллуулсаныг Тойр­гийн хороо шалгаж тогтоосон атал УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.18.16 болон 35.34-д заасны дагуу нэр дэвшигчийн жагсаалтаас хасаагүй, улмаар 35.35-д заасны дагуу УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгохгүй байх буюу олгосон үнэмлэхээ хүчингүй болгоогүй нь хууль зөрчсөн болохыг дахин тогтоож холбогдох шийдвэрийг гаргасан. Хамгийн сүүлд миний авсан мэдээллээр мөнгө, эд зүйлс тараасан асуудлыг нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Н.Төмөрхүү нарын хүмүүсийг яллагдагчаар татсан гэдэг мэдээллийг аваад байна. -Дээд шатны шүүхэд давж заал­дахгүй байх арга замыг сонгон авч хэргийг  шийдвэр­лүүлж байна гэдэг шүүмжлэл гарч байна. Энэ талаар...? -Энэ хэрэг маргаан хэрхэн шийд­вэр­­лэхээс хамааран аль нэг тал буюу нэхэмж­лэгч тал эсхүл хариуцагч тал болох Өвөр­хангайн тойргийн хороо гомдол гаргах давж заалдах боломж­той байдлаар хэрэг хянан шийд­вэрлэх ажиллагаа явагдсан. Гэтэл ха­риуцагч тойргийн хороо нь бидний гаргасан нэ­хэмжлэлийн шаардлага, түүний үндэс­лэл, нотолгоог хүлээн зөвшөөрсөн тайлба­рыг 2012 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 93 дугаар албан бичгээ­рээ шүүхэд ирүүлсэн. Энэ албан бичиг болон Тойргийн хорооны хуралдааны тэмдэглэлд бүх гишүүд нь гарын үсэг зурсан байсан. Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир Иргэний хэрэг шүү­хэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасны дагуу шүүх хариу­цагч нэхэмжлэлийн шаард­лагыг хүлээн зөвшөөрснийг баталж энэ тухай захирам­жийг гаргасан. Энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа хуулиар тогтоогдсон арга зам мөн бөгөөд үүнийг хэргийг хялбар­шуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа гэж нэрлэдэг. Мөн хуулийн 74.6-д зааснаар ийн­хүү хялбаршуулсан журмаар шийд­вэр­лэсэн ажиллагаанд болон гарсан захирамж шийдвэрт нь хэргийн орол­цогчид буюу нэхэмжлэгч, хариуцагч нар гомдол гаргах эрхгүй, эцсийн шийдвэр байдаг хуультай. Хуулийн энэхүү заалтын хүрээнд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд шүү­хийн энэхүү шийдвэр, уг шийдвэрийг гаргасан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн. МАН-аас нэр дэвшигчдийн яриад байгаа шиг хууль бус шийдвэр захирамж биш юм. -Сонгууль болгоны дараа ёс юм шиг маргаан үүсдэг. Энэ   маргаан нь 1-2 жилээр үргэл­жилс­ний эцэст нэг юм ший­дэг­дэж ирсэн түүх­тэй. Гэтэл Өвөр­хангайн маргаан их богино ху­гацаанд шийдвэрлэгд­сэн нь хардлага төрүүлж байх шиг. Мөн шүүхийн эцсийн шийдвэр га­раа­­гүй байхад Сонгуулийн ерөнхий хо­­роо яаран шийдвэр гаргасан мэ­тээр буруутгаж байна. Хуу­лийн ямар арга замаар явснаар ингэж бо­ги­­но хугацаанд энэ маргаан ший­дэгдэв? -Миний өмнөх хариулт зарим талаар таны энэ асуултад хариулт болно. Нэгэнт маргалдаж байгаа Тойргийн хороо нь бидний гаргасан нэхэмжлэлийн шаардла­гыг хүлээн зөвшөөрсөн тул маргаан байхгүй гэсэн үг. Нэгэнтээ маргаан байхгүй бол шүүх юуг шийдэх гэж удаашрах билээ. Нө­гөө талаас шүүхэд хэрэг маргаан хянан шийд­вэрлэх ажиллагаа хоног, цагаар хуу­лиар тодорхойлогдсон байдаг. Хуулиар тог­тоосон хугацаанд нь хэр­гийг шийдвэр­лэх нь шүүхийн үүрэг байдаг. Шүүх хуу­лиар хүлээсэн энэ үүргээ биелүүлж ажилласан. -Өвөрхангайн шүүхийн шийд­­вэ­­­рийг шинээр илэрсэн нөхц­лийн улмаас дахин хянуу­лахаар гомдол гаргасан. Тий­мээс хэр­гийг эцэслэн шийдвэр­лээгүй, маргаан үргэл­жилж бай­гаа гэж МАН тайлбарлаж байна? -Өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн шүүхэд миний үйлчлүүлэгчид болон надад энэ талаар албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан МАН-ын гишүүд, хүмүү­сийн ярьж байгаагаас үзэхэд С.Чинзориг, Н.Тө­мөр­хүү нарын сонгуулийн сурталчил­гаанд ажилласан насанд хүрээгүй хүүх­дүүд нь тайлбар өгсөн гэдэг асуудал яригдаж байгаа бололтой. Гэтэл тэр тайлбар өгсөн гээд байгаа хүүхдүүд нь Өвөрхангайн тойргийн хорооны шалгаж тогтоосон, мөн шүү­хээр тогтоосон тэдгээр хүүхдүүд мөн эсэх нь тодорхойгүй. Харин ямар арга замаар тэдгээр хүүхдүүдээс тайлбар гаргуулж авсан, уг тайлбар нь хуульд нийцэж байгаа эсэх, тэрхүү тайлбар гээд байгаа зүйлийг авсан тэдгээр хүмүүс нь бусдаас тайлбар мэдүүлэг авах эрх хэмжээг эдэлдэг эсэх нь ч тодорхойгүй асуудал болохыг тэмдэг­лэн хэлэх нь зүйтэй. Зүй нь хэн нэгнээс нотлох баримтын ач холбог­долтой тайлбар мэдүүлэг авах эрхийг гагцхүү төрийн эрх бүхий байгуул­лага, албан тушаалтан л хэрэгжүүлдэг хуультай. Хууль зүйн хувьд аливаа шийдвэр захирамжид шинээр илэрсэн нөхцлөөр гомдол гаргах хуулийн зохицуу­лалт байдаг ч энэ нь маш нарийвчлан зохицуулсан байдаг. Тухайлбал: шинээр илэрсэн нөхцөл байдалд чухам ямар нөхцөл байдал хамаарахыг хуульд тусгай­лан заасан. Үүнээс дурьдвал хэрэг хянан шийд­вэрлэх үед нэгэнт бий болсон байсан боловч хэргийн оролцогчид мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тийм нөхцөл байдал байх ёстой. Гэтэл тэр хүүхдүүдийн тайлбар гэдэг зүйлийг шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш дээр хэлсэнчлэн эрхтэй эсэх нь тодорхойгүй этгээдүүд хуулийн бус арга замаар гаргуулж авсан бололтой байдаг. Тиймээс тэрхүү шинээр илэр­сэн гомдол гээд байгаа зүйлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Тэгээд ч шинээр илэрсэн нөхцлөөр хэргийг дахин хянуулах гомдол гарга­сан нь нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх буюу энгийн үгээр хэлбэл саатуулах, зогсоох үндэслэл болдоггүй хуультай. -Өвөрхангайн шүүхийн шийд­вэ­­рийг улс төрийн аргаар ту­хайлбал жагсаал цуглаан хийх, өлсгөлөн зарлах замаар хүчин­гүй болгох хууль зүйн үндэс бий юу. Ер нь хэн хүчингүй болгох эрхтэй вэ? -Аливаа хэрэг маргааны талаар эцсийн шийдвэрийг гагцхүү шүүх гаргадаг. Хэн­бугай ч түүнийг өөрчлөх эрхгүй. Шүүхийн шийдвэр эцсийн байдаг хуультай. -МАН нь улс төр хийгээд бай­хаас нэр дэвшигчид яагаад гом­дол гар­гах­гүй байна вэ? -Уншигчид маань нэг зүйлийг са­наж байгаа байх. Юу гэвэл Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг Нийс­лэ­лийн шүүх хүчингүй болгосон. 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр болсон Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүнд болон С.Чинзориг, Н.Төмөрхүү, тэдгээрийн өмгөөлөгчдөд хандан бид Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаснаа албан ёсоор мэдэгдэж байсан. Түү­нээс хойш С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Өвөрхан­гай аймаг дахь сум дундын шүүхэд шалгаж буй хэрэгт гуравдагч этгээ­дээр оролцох боломж бүрэн байсан. Бид тэднийг гурав­дагч этгээ­дээр татаж оролцуулах хүсэлтээ ч гаргасан байсан. Гэвч тэд өөрсдөө энэ ажил­лагаанд оролцоогүй. Гэтэл шүү­хийн эцсийн шийдвэр гарсны дараа Өвөрхангайн тойргийн хорооны дарга Т.Гончигдоржийн өмгөөлөгчөөр Нийс­лэлийн шүүхэд өөрс­дийг нь өмгөөлж байсан хүнийг ажиллуулж, шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон. Тэр өмгөөлөгч нь Өвөрхангайн шүүхийн шийдвэрт Тойргийн хороог төлөөлөх эрхгүй атлаа гомдол гаргасан байдаг. Шүүх уг гомдлыг 2012 оны аравдугаар сарын 10-ны өдөр гурван шүүгчийн бүрэл­дэхүүнтэйгээр хэлэлцээд гомд­лыг үндэслэлгүй болохыг, шүүхийн шийд­­вэр хууль зүйн үндэслэлтэй боло­хыг тогтоож гомдлыг хэрэгсэхгүй бол­гож тогтоол гаргасан. Энэхүү тог­тоол нь цаашид гомдол гаргах эрхгүй, эцсийн шийдвэр байдаг хуультай. -Сонгуулийн ерөнхий хороо гэнэт яагаад С.Чинзориг, Н.Тө­мөр­­хүү нарын нэрсийг татаж, Г.Батхүү, Д.Зоригт нарыг өргөн мэдүүлэх шийдвэрийг гаргав? -Өвөрхангай аймгийн Сум дундын шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35.18.16 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоосон. Түүнчлэн Өвөр­хангайн тойргийн хороо нь тэднийг ийнхүү хууль зөрчсөн болохыг шалгаж тогтоосон боловч хуульд заасны дагуу хууль зөрчсөн нэр дэвшигчдийг нэр­сийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөв­шөөрс­нийг баталсан шийдвэрийг гаргасан. Нэр дэвшигчид болон тойр­гийн хороо хууль зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон тооцож түр үнэмлэх олгох тухай тойргийн хороо­ны тогтоол хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шийд­вэр болох нь тодорхой болсон. Иймд  Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Сонгуу­лийн хороод нь шатлан захирагдах зарч­маар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны хууль ёсны шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо заавал биелүүлэх бөгөөд доод шатны сонгуулийн хо­рооны хууль бус шийдвэрийг дээд шатны сонгуу­лийн хороо нь хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо Өвөр­хангайн тойргийн хорооны шийдвэ­рийг хүчингүй болгон С.Чинзориг, Н.Төмөр­хүү нарын нэрийг татаж, хуульд заа­сан саналын босго давсан дараагийн нэр дэвшигчдийг өргөн мэдүүлж байгаа юм. О.УУГАНЖАРГАЛ Эх сурвалж: Нийслэл таймс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН шударга ёс ярьж сонгуульд оролцож ялсан боловч засгийн эрх аваад ШУДАРГА байдлаа харуулж чадахгүй байна
2012-10-22
odoodgiin UIH n huuli bus8 gishuud n huuli bus, HUULI GUULI bolj bga n unen yum bn l da
2012-10-22
Өвөрхангайн Төмөрхүү Чинзориг нар 6000 гаруй саналаар тасарч ялсан юм байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр СЕХ шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай
2012-10-22
СЕХ нэг намд үйлчлээд байгаа юм бишүү Энэ байдлаараа бол орон нутгийн сонгуульд ч МАН ялагдах юм болно. хэчнээн ажилаад ч нэмэргүй,. Тийм болохоор СЕХороог яаралтай татан буулгах, шинээр бүтэц бүрэлдэхүүнийг томилох хэрэгтэй
2012-10-22
Baagii:
Zotigt, Batkhuu 2-g bas mo'ngo taraaasan geed songuuli bolohoos o'mno namynh n hun gerchilsen sh dee. Ter ued bas neriig n hasah yostoi baisan yum bish uu?
2012-10-22
Huuli bol huuli baih yostoi, heregjuulehgui suult zarlah baisiin bol yu gej ih hurald suuj huuli batlalcaj bgaa humuus ve. Batalsan huulia heregjuulehgui geed suugaad baigaa durakuud bugd zailah heregtei .
2012-10-22
s:
shuuheer heleltsej bga heregt davj zaaldaj bga tohioldold ali ali taliih n erh shuud sergeh erh zuin undesgui. davj zaaldaagui bol AH-n 2 gishuun tangarag orgoh n zov yum. ene tohioldold MAH davj bga uchraas tuhain davsan shuuhiin shiidveriig huleeh estoi
2012-10-22