
Өнгөрсөн 20-ны өдөр Ливи улсын түүхэнд шинэ хуудас нээсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцоллоо. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2011 оны аравдугаар сарын 20-нд Ливид өрнөсөн иргэний дайн дарангуйлагч Муамар Каддафигийн үхлээр төгсгөл болсон гэж хэлж болох юм.
Жилийн өмнөх тэр өдөр Ливийн Сирт хотыг Шилжилтийн үндэсний зөвлөлийн цэргүүд буюу босогчид дайран эзлэх үеэр нэгэн муу ус зайлуулах сувгаас хурандааг баривчилсан юм. Нэг их удалгүй түүнийг босогчид баривчлан авч яваа дүрс бичлэг дэлхий даяар цацагдаж шуугиан тарьсан билээ. Түүнийг шархаа даалгүй нас барсан хэмээн Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлөөс мэдээлж байсан ч сүүлд нь түүнийг ч босогчид тамлаж хөнөөсөн нь батлагдсан.
Хурандаа Муамар Каддафиг дэмжигчид өдийг хүртэл Ливи улсад байсаар. Хилийн чанадад зугатан гарсан түүнд үнэнч үлдсэн нөхөд нь өнгөрсөн 20-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн байгууллагад хандаж Каддафиг зүй бусаар хөнөөсөн хэргийн эздийг шүүхийг шаардсан юм.

Ливид Каддафигийн үхлээр иргэний дайн бараг зогссон гэж хэлж болно. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл Ливи улсад тэсрэлт, дэлбэрэлт халдлага тасрахгүй байгаа. Үүнийг шалтгааныг Каддафиг дэмжигчид рүү Засгийн газраас чихдэг хэдий ч олон улсын шинжээчид өөрөөр харсаар ирдээ.
Хэдийгээр удирдагч, дарангуйлагчаа унагаж иргэний дайныг ялалтаар дуусгаж чадсан ч Ливи улсад засгийн эрхийн төлөөх ил далд тэмцэл өрнөсөөр байгааг шинжээчид онцолж байна. Өнгөрсөн бямба гаригт олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Муамар Каддафигийн үхэл хэнд хэрэгтэй байсан тухай асуултад хариулт олохыг хичээжээ.
Тухайлбал CNN агентлагийн Закариагийн нийтлэлд дурдсанаар бол Каддафигийн үхэл юу юунаас илүүтэй Цагаан ордонд хэрэгтэй байсан нь мэдээж. Тэр үед бүгд л байгалийн хий, нефтийн асар их нөөцтэй Ливи баялгийн хараалд өртлөө гэдэг байлаа. Гэхдээ Арабын хавраар Ливид өрнөсөн хувьсгал, тэмцэл, иргэний дайн, эцэст нь удирдагчийнх нь үхэл гээд энэ бүгдийг өөр өөрийн ашиг сонирхлоор хүсэж, хүлээж байсан олон талууд байдаг ажээ.
Нэг жишээ хэлэхэд Египетэд Хосни Мубаракыг унагасан тэмцлийн ард хүчтэй нөлөө үзүүлж чадсан “Мусульман ахан дүүс” л гэхэд хөрш Ливи орны иргэний дайнд сэм оролцож ид иргэний дайн өрнөж байх үеэр чухал тулалдаануудын үеэр зэр зэвсэг, хүн хүчээр туслаж хурандаагийн цэргүүд араас цохилт өгч байсныг зөвхөн НАТО л мэдсэн байдаг.
Харин одоо Ливид “Мусульман ахан дүүс”-ийнхэн төрийн эрхийг гартаа оруулахын төлөө улстөрийн тэмцэл өрнүүлсээр л. Хойшид Ливи, Египет орнууд лалын тулгар үзэлтнүүдийн өлгий болохоос гадна хүчирхэг холбоотнууд байж чадсанаар өрнөдийнхний, ялангуяа АНУ-ын хамгийн их ашиг сонирхолыг татаж буй түшиц газрыг тэднээс холдуулж дорны жихадуудтай ойртуулах нөхцөл бүрдэх магадлалтай юм.
Хурандаа Каддафигийн засаглалын он жилүүдэд хүчирхэг Ливи улс арабын жихадуудад хаалттай ертөнц байсан гэж хэлж болно. Хувийн ашиг сонирхол, тэр тусмаа өрнөдийнхний ч, лалын тулгар үзэлтнүүдийн ч талд ордоггүй өөрийн гэсэн номлолтой Каддафи аль ч талд нь тээглэсэн бул хар чулуу байсан аж.
АНУ тэргүүтэй өрнөдийнхөн Ливийн байгалийн баялгаас илүүтэй Ойрхи Дорнод, Хойд Африк дахь нөлөөллийн хүрээгээ бэхжүүлэх түшиц газар болгох, тус улсыг лалын хэд даврагдсадын гарт алдахгүй байхыг хүсэж байлаа. Гэхдээ тэдний бодол алдаа байсныг өнгөрсөн нэг жилийн дотор өрнөсөн үйл явц харууллаа.
Ливийн шинэ засгийн газар өрнөдийнхөнтэй найрсгаар харилцаж байгаа ч шуудайд хийсэн үхрийн эвэр адил шашны олон бүлэглэлүүдийг нэгтгэн зангидаж чадахгүй байгаа. Тэр хэрээрээ америкчууд болон франц, англичуудын Ливид өрнүүлэх шинэ төслүүд ажил хэрэг болж чадахгүй байна.
НАТО хэдийгээр босогчдод туслаж Муамар Каддафиг унагахад гол хувь нэмрийг оруулсан ч эргээд тэрхүү зэвсэг барьж чадах толгойтой болгон нь зэвсэг барьсан, толгой толгойгээ мэдэх гэж бөмбөг тэсэлсэн лалын бүлэглэлүүдээр дүүрсэн улсыг Арабын Эмират, Кувейт, ядаж л Иордан болгох нь бүтэшгүй хэрэг гэдгийг эцэст нь ойлгосон гэж хэлж болно.
Нэгэн цагт өөрийгөө хаадын хаан хэмээн тунхаглаж байсан Муамар Каддафи бурхны даажинт хувь тавилангаа даган амиа алдаж Ливи улс шинэ замаар орсноос хойш нэгэн жил өнгөрчээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ