
Төрснийх нь 80 насны ойгоор Уинстон Черчилльд бэлэглэсэн “Ленд ровер” маркийн хуучин жийпийг Их Британид дуудлага худалдаагаар 129 мянган стерлингийн фунтээр (206,5 мянган ам. доллар) худалджээ. Тийнхүү нэрт улстөрчид зориулж тусгайлан төхөөрөмжилсөн бартаа туулагчийг шинжээчдийн үнэлгээнээс хоёр гаруй дахин их үнээр худалдсан байна.
1940-1945 болон 1951-1955 онд Нэгдсэн вант улсын Засгийн газрын тэргүүний албан тушаал хашиж байсан Черчилль 1954 онд төрсөн өдрөөрөө энэ машиныг бэлгэнд авчээ. Ерөнхий сайдын нэр дээр тээврийн хэрэгслийг бүртгэсэн тухай эх баримт бичгийг ч машины хамт худалдсан байна. Анхны цувралын “Ленд ровер” жийпэнд өгсөн дугаар нь UKE 80 гэсэн бэлгэдлийн дугаар байжээ.
Улстөрчийн хувийн жийпийг эзнийх нь тав тухад зориулан хэд хэдэн удаа өөрчилсөн байна. Черчилль бүр 1922 онд худалдаж авсан Английн зүүн өмнөд нутгийн Кент гүнлэг дэх Чартвелл эдлэнгээрээ явахдаа энэ бартаа туулагч машинаар явдаг байсан байна. Машинд жолоочийн суудлын зүүн гар талд эрхэм зорчигчид зориулан хөл дулаацуулах пийшин, ер бусын өргөн суудал зориуд тавьжээ.
Английн Кембриж гүнлэгт болсон дуудлага худалдаан дээр машины анхны үнэ нь 60 мянган стерлингийн фунт (96 мянган ам. доллар) байсан байна. Хоёр дахин их мөнгө төлж машиныг худалдаж авсан хувь хүн нэрээ хэлэхийг хүсээгүй байна. 1977 оноос машин Кент гүнлэгт гараашт тавиастай байжээ. Худалдах үед машины нийт гүйлт нь ердөө 20 мянга 812 километр байжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ