
Кубын удирдагч Фидель Кастрогийн эрүүл мэндийг тойрсон ээлжит шуугиан дэгдээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Венесуэлийн нэгэн эмч Фидель Кастрогийн тархинд цус харваж, хооллож, ярих нь бүү хэл хүн танихаа ч больсон тухай хэвлэлд ярилцлага өгсөн нь дуулиан дэгдээсэн юм.
Улмаар түүнийг үсрээд л долоо хоногийн настай болсон ба твиттерт 86 настай Фидель Кастро өвчний улмаас нас барсан ба түүний үхлийг нууцлаж байна гэсэн мэдээлэл тархсан билээ.
Тэгвэл өнөөдөр Венесуэлийн экс дэд ерөнхийлөгч Элиас Хауа нэгэн зургийг хэвлэлийнхэнд дэлгэжээ.
Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард ромын пап Бенедикт Кубад айлчлах үеэр олны өмнө ил гарсан Фидель Кастрогийн саяхан даруулсан гэрэл зураг ажээ.
Экс дэд ерөнхийлөгчийн хэлж буйгаар тэд сарын өмнө Кубын нийслэл Гавана хотын Үндэсний зочид буудалд удирдагчтай уулзсан бөгөөд 86 настай Кастрогийн бие тун сайн байсан гэнэ.
Элиас Хауагийн баталснаар тэд таван цаг орчим хоёр орны гадаад харилцаа, улстөр, газар тариалангийн салбарын асуудлуудаар ярилцсан гэнэ. Гэрэл зурагт Фидель Кастро спорт загварын хувцас болон бүрх малгайтай гарчээ.
2006 онд экс удирдагч хүнд хагалгаа хийлгэж улмаар тэр цагаас хойш төрсөн дүү Рауль Кастродоо улс орноо удирдах эрхийг өвлүүлээд өөрөө олны нүднээс далд байх болсон юм.
Дээр дурдсанчлан өнгөрсөн гуравдугаар сард Ромын паптай уулзаж телевизээр гарсан ба Венесуэлийн дэд ерөнхийлөгчийн хэвлэлийнхэнд үзүүлсэн зураг нь түүний хамгийн сүүлд олны өмнө гараад буй зураг боллоо.
Ингэснээр түүний бие үхлийн ирмэг дээр ирсэн тухай яриа худал болохыг батлах гэсэн оролдлого хэмээн хэвлэлүүдээр бичигджээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ