
Өвөрхангайн сонгуульд “өвдөг шороодсон” хоёр нэр дэвшигчээ өмөөрч МАН-ын эрхэм гишүүд УИХ-ын чуулганы танхимын үүдэнд зөөлөн буйдан дээр суулт зарласан. Харин тус тойргоос ирсэн сонгогчдын төлөөлөгчид гэх хүмүүс Сүхбаатарын талбай дээр цугласан. Тэд цагаан хоолойгоор ард түмний сонголт эцсийнх, АН ардчиллыг булшиллаа, С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр сонгуулийн хууль зөрчөөгүй гэх мэтээр ярьж, “Хонхны дуу”-г хальт мулт сонсгосон нь гайхалтай санагдав. Ардын намынхан ардчиллыг өмчилж, Ардчилсан намынхан ардчиллыг булшилдаг цаг ирсэн бололтой.
МАН-ын жагсагчид тэмцэлдээ шүгэлчдийн багийг бэлтгэн сүр жавхаа нэмжээ. Тэд ханцуйдаа нуусан шүглээ сэмхэн гаргаж ирээд алга ташихын оронд хацраа төмбийлгөж байгаад үлээнэ. Энэ нь нийслэлийн төв талбай орчмын олны шуугиан, автомашины чимээнээс давж, нийтийн анхаарлыг татах гэсэн арга юм байна. Үнэхээр ч ӨАБНУ-д болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр энэ спортын фанатуудын үлээж байсан вувузела бүрээг яагаад ч юм санагдуулав.
Тэр үед хүмүүсийн уцаарыг хүргэж байсан вувузелагийн чимээний талаар явуулсан судалгаагаар уг хөгжмийн зэмсэг 127 децибел хэмжээтэй чимээ гаргадаг бөгөөд бөмбөрийн 122 децибел, шүүгчийн шүглийн 121,8 децибелээс илүү чанга дуугардаг болохыг тогтоожээ. Швецайрийн “Сонсголын дэлхийн сан” байгууллагын мэргэжилтнүүдийн хэлснээр вувузелатай адил олон шүглийн дуу ч хүнийг байнгын сонсголгүй болгох эрсдэлтэй юм байна. Мөн вувузела болон шүгэл нь ханиад томуу тарааж болзошгүй талаар Лондон хотын эмч нар ч сэрэмжлүүлж байлаа. Шүгэл үлээхэд хүний амнаас их хэмжээний хий агаарт тархдаг тул дэргэд байгаа хүмүүст амьсгалын замын халдварт өвчин тараах эрсдэл өндөр ажээ. Тиймээс нийгэмд ханиад тараахад ч ашиглаж болох талтай гэнэ.
За энэ ч яахав, жагсаалыг дэвэргэгч шүгэлчид нүдээ бүлтэртэл үлээж байна. Ариун цагаан хөдөлмөрийг Ардын нам үнэлдэг болов уу, яадаг бол.
Д.Дүүриймаа












Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ