
Өнгөрсөн сарын 3-нд 12 настай охин ээж, дүүгийнхээ хамт явган хүний гарцаар гарч байгаад барилгын кранд даруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Үүнээс хойш 49 хоног өнгөрсний дараа талийгаач Есүгэн охины аав Б.Батсайхан өмгөөлөгчийнхөө хамт өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Улсын ерөнхий прокурор, Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа нарт албан шаардлага бүхий ил захидал хүргүүлжээ.
Түүний захидлаас товчлон хүргэвэл,
“Монгол төрийн тэргүүн, Монгол хэмээх өрх гэрийн аав Танд Улаанбаатар хотын чинь жирийн н иргэн аав би, өөрийн гэр бүлд учирсан тэр хар өдрийнх шиг зүрх зүсэгдэж, элэг эмтэрч, сэтгэл урагдам аймшигт мэдээ, дүр зургийг дахин хэн нэгэн өрх бүлд, аав ээжид, тэдний бяцхан хүү, охинд бүү давтагдаасай гэсэн чинхүү сэтгэлээр энэхүү захидлыг бичиж сууна.Тэр аймшигт өдөр миний охины амь нас бетон зуурмагийн машины цемент шахагч хоолойд бус Монгол төрд үүрлэсэн хүнд суртал, авлигаас үүдэлтэй нийгэм дэх ёс суртахуун,үзэл бодлын доройтлын хоолойдд аруулан алагдсан гэж үзэж байна. Үлдэж хоцорсон өнчин янзага шиг дүү, зовж шаналсан ээжийг нь харах бүр өр урагдаж,12-хон настай бяцхан охины минь хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явсан оюун бодолт тархийг нь тэр увайгүй хоолой няц даран унахдаа тараан цацсан тархиных нь хөрч үхээгүй эд эс, хэсэг бүрийг, гэгээн ариухан хүсэл мөрөөдөл, хэлэх эцсийн үг бүхний хамт нийлүүлчихвэл сонсчих юм шиг, боломжгүй хүсэлдээ автан хаман хийж суусан арга мухардсан аав би, хаана, яаж, ямар нийгэмд, юу болоод байгааг үнэмшиж ядан, өр зүрх минь урагдаж...байснаа хэлэхийн сацуу, миний охин амь насаа “зүгээр нэг зориулаагүй юм” гэдгийг бодит үйлдлээр харуулж, “Монгол Хүний амь нас үнэ цэнэтэй байх"-ыг хуульчлан баталгаажуулахыг бид хүсч, хариулт нэхэж байна"
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОРОВЫН АЛТАНХУЯГ ТАНАА
2012.10.22 Улаанбаатар хот
Хүсэлт, шаардлага хүргүүлэх тухай
2012 оны 09 сарын 03-ны өдөр буюу хичээлийн шинэ жилийн анхны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилгын талбай дээр ажиллаж байсан бетон зуурмаг шахагч машин унаж, улмаар түүний цемент дамжуулах хоолой явган хүний гарцаар гарахаар ээж, дүүгийн хамт явж байсан 12 настай бяцхан охиныг дарж амь насыг нь хохироосон олныг сэрдхийлгэсэн хэрэг гарч, үүнээс хойш 49 дэх хоног өнгөрсний дараа охины гэр бүл танд хандаж байна.
1.Ерөнхий зүйл
Монгол улсын шинэ цагийн барилгын салбарын 90 гаруй жилийн түүхэнд гарч байгаагүй ноцтой осол хоёр удаа
[1] ойрхон хугацаанд дараалан гарлаа.
Өнгөрсөн хугацаанд бид энэхүү асуудалд төрийн холбогдох байгууллагууд хэрхэн хандаж байгааг анхааралтай, хүлээцтэй ажиглаж ирсэн бөгөөд цаашид нөхцөл байдлыг зүгээр хараад суух ёс суртахууны эрх бидэнд монголын мянга мянган хүүхэд тэдний ээж нарын өмнөөс байхгүй гэж үзэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрнөсөн “хэргийн буруутан”-ыг олох эрэл хайгуулыг ч хүлээцтэй ажиглалаа.
Бид 12-хон настай бяцхан охиныг
цементийн хоолой биш харин түүний шүлэг тэрлэн магтаж байсан хайртай эх оронд өнгөрсөн хугацаанд нэгэнт бугшсан
авлига, хүнд суртлын хоолой даран амийг нь авч одсон гэж үзэж байгаа болно. Мөн 19-тэй оюутан хүүгийн амийг хэн нэгэн болгоомжгүй этгээдийн өндрөөс алдсан
барилгын тулаас төмөр биш харин мөн л
авлига, хүнд суртлын тулгуур авч одсон гэдгийг Та биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж найдаж байгаа бөгөөд Монголын мянга мянган
сонгогч аав, ээж та бүхэнд энэхүү авлига, хүнд суртлыг үгүй болго гэж Монгол төрийн жолоог атгуулсан биз ээ. Иймд Та болон танай шинэчлэлийн Засгийн газрыг бидэнтэй хамтран ажиллана гэж найдаж байна.
Юуны өмнө өнөөдөр цагдаа, улсын мэргэжлийн хяналтын байгууллагууд асуудлыг хуулийн дагуу шалгаж байгаа гэх ил доль болсон мэдэгдлийн цаана ямар арчаагүй сул дорой төр оршиж байгааг танд баримтаар харуулья. Үүнд:
1/ Тус улсын барилгын салбарт бетон зуурмаг шахах машин, түүнийг ашиглах технологи орж ирээд даруй 10 гаруй жил болж байхад энэхүү
тусгай механизмын аюулгүй ажиллагааны заавар, дүрэм байхгүй байгаа ньмонгол төрийн нүд сохор, чих дүлий байгааг харуулж байна. Гэтэл энэхүү механизмыг үйлдвэрлэгчийн зүгээс дагалдуулан өгч байгаа англи хэл дээрх аюулгүй ажиллагааны заавар нь манай Эрүүгийн хуулиас даруй 10 дахин зузаан байна. Нэгэнт аюулгүй ажиллагааны тухайлсан заавар, дүрэм байхгүй тул хяналт тавих үүрэг бүхий улсын байцаагч нар нь
“ачаа оосорлох”, “ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм зөрчсөн” гэх мэт үндсэндээ энэхүү механизмтэй огт хамаагүй барилгын норм, дүрэм зөрчсөн тухай акт үйлдээд сууж байгаа нь туйлын эмгэнэлтэй хэрэг юм. /байцаагч нарын дүгнэлтийг хавсаргав. /
Үүнд хэн буруутай вэ? Төр буруутай.
2/ Хяналт тавих үүрэг бүхий байгууллагаас энэхүү тусгай механизмын ашиглалт, аюулгүй ажиллагаанд ямар эрх зүйн актыг үндэслэн хяналт, шалгалт хийдэг талаар албан ёсоор бичгээр тун тодорхой асуусаар атал тоймтой зүйлийг бидэнд мөн л хэлж чадахгүй байна. Асуудлын цаадах мөн чанар, агуулгыг бодит байдлаар нь тайлбарлаад үнэнийг хэлэх, цаашлаад цагаан дээр хараар бичих төрийн албан хаагч, төрийн албаны дарга өнгөрсөн хугацаанд бидэнтэй таарсангүй.
Энэ хэний эмгэнэл вэ? Монгол төрийн эмгэнэл
3/
Барилгын хариуцлагагүйбизнесийн улмаас барилгын талбайн гадна гудамжинд олны нүдэн дээр
жирийн иргэн амь насаа алдаад байхад мэргэжлийн хяналтын байцаагч нар
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөн тухай хуулийн зүйл заалтыг иш татан гүйцэтгэгч байгууллагуудыг буруутган сууна. Гэтэл барилгын талбайн гадна гэртээ харихаар явган хүний замаар яваа охин барилгын ажлыг гүйцэтгэх үүрэг бүхийхөлсний ажилтан биш мөн нийтийн хоолны газраас хоолны хордлого аваагүй гэдгийг Монгол Улсын хууль, түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан хаагч нар ялгаж салгаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын одоо мөрдөж байгаа
Эрүүгийн хуулийн зохицуулалт энэхүү гэмт үйлдлийг тодорхойлон зааж зүйлчилж чадаагүй байгаагаас тодорхой хүмүүс ял завших нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Бүр тодруулбал, тухайн барилгыг барьж байсан ажилтан цементийн хоолойд дарагдсан бол захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий этгээд ял шийтгэл хүлээхээр байгаа боловч талбайн гадна жирийн иргэн хохирсон тохиолдолд энэ зүйл хамаарахгүй байх магадлалтай байгааг өнөөгийн шүүхийн практик харуулж байна. Өнөөдрийн Эрүүгийн хуулиар
Монголын төр мөнгөтэй, барилгын хариуцлагагүй захиалагч болон гүйцэтгэгч нараас амьдрахаар зүтгэж байгаа жирийн барилгачдаа хамгаалсан хэдий ч жирийн иргэдээ тэднээс харин хамгаалсангүй. Үүнийг товчоор хэлэхэд бидний бяцхан үрсийн амьдрах аюулгүй байдлыг иргэдийн ажиллах аюулгүй байдалтай шууд хольж хутгасан байна гэж үзэж болно.
Үүнд хэн буруутай вэ? Төр буруутай.
4/ Уг барилгыг барих зөвшөөрөлгүйгээр 7 давхар болтол нь бариад байхад мэргэжлийн хяналтын байгууллагаас тодорхой арга хэмжээ аваагүй байсан атлаа, ослын дараа захиалагчаас эхлээд цемент нийлүүлэгч компани нь хүртэл тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бетон зуурмаг үйлдвэрлэж байсан болохыг зургаагийн зургаан улсын байцаагч хамтран олж тогтоосон байх юм. Сүртэй тамга, тэмдэг бүхий улсын байцаагч нарынхамтарсан дүгнэлтийг харж суухад тэдний дүгнэлтийн дүгнэх хэсэгт нь “
7. Талийгаач охин барилгын талбайн ойролцоо каскгүй явж байсан нь бас буруутай.” гээд өөрийн эрхгүй нэмчихмээр санагдаж байлаа. Эрхэм Ерөнхий сайд та цаг зав гарган албан хаагч нарынхаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн дүгнэлтийг уншина биз ээ.
Энэ хэний эмгэнэл вэ? Монгол төрийн эмгэнэл.
5/
Улсын эмнэлгийн эзэмшил газраас“таслан” авах замаар
хувийн эмнэлэг барих зөвшөөрөл авч, улмаар 13 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга болгон түүнийгээ барьж байхад ч, мөн нийтийн эзэмшлийн талбайгаас бас л “таслан”авах замаар усан оргилуур байгуулна хэмээн төр, олон нийтийг хууран асар том барилгыг барьж байгааг мэдээгүй, хараагүй, бас зөвшөөрөөгүй эсхүл хориглосон алин болохоо ч ялгахаа байсанд
хэн буруутай вэ?Төр буруутай.
6/ Мөн хамгийн ноцтой нь 2008 онд батлагдсан Барилгын тухай хуулийн 6.2.7-д барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Хуучнаар Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар/ нь “
барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулна.” гэж тодорхой зааж улмаар мөн хуулийн 5.1.3-т “
барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах болон барилгын ашиглалтын дүрмийг баталж, мөрдүүлэх” ажлыг Засгийн газарт үүрэг болгон хуульчилсан байна. Харин Засгийн газар энэхүү хуулиар заасан үүргээ биелүүлж энэхүү дүрмийг өнөөг хүртэл батлаагүйгээс УМХЕГ энэхүү барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох чиг үүргийг хууль бусаар үндсэндээ 4 жил хэрэгжүүлж ирсэн байна. Гэтэл эдгээр ослын дараа хяналт тавих, зөвшөөрөл олгох байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтнууд нь удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр барилгууд зөвшөөрлөө аваагүй ажлаа эхэлсэн, бид барилга бүрийг шалгахад шаардлагатай орон тоо байхгүй, хүрэлцдэггүй гэх мэтээр хариуцлагыг өөрсдөөсөө холдуулж байгаа нь туйлын арчаагүй хэрэг мөн. Өөрөөр хэлбэл
хууль зөрчин байж зөвшөөрөл, эрх олгодог атлаа хариуцлагын асуудал ярих болоход зугтааж байгаа нь Монгол төрийн үйл ажиллагааны зарчим мөн гэж үү?!?!Энэ бүхэнд хэн буруутай вэ? Төр хамгийн их буруутай.
Хоёр. Дүгнэх хэсэг
Монгол Улсын Үндсэн хуулийн16 дугаар зүйлд Монгол улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд улмаар
“амьд явах”“
эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх”-тэй хэмээн тунхагласан бөгөөд энэхүү эрхийн баталгааг хангах нь уг хуульд заасны дагуу Монгол төрийн үүрэг байдаг.
Энэхүү үүргээ Монгол улсын төр биелүүлээгүй болохыг бид дээр баримтаар хангалттай нотолсон гэж үзэж байгаа тул
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн,
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Таныг
Энэхүү эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татах хүсэлтэй байгаагаа танд бид энэхүү захидлаар албан ёсоор мэдэгдэж, хууль, эрх зүйн төдийгүй ёс суртахууны нэн төвөгтэй нөхцөлд
[2]бидэнтэй “нягт хамтран ажиллах”-ыг хүсч байна.
Бидний цаашдын хамтын ажиллагаа, харилцан ойлголцолоос Таны тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрын “иргэний эр зориг” харагдаж, улмаар монгол төр авлига, хүнд сурталд идэгдэн цаашид энэ мэт хариуцлагагүй бизнесийг системтэйгээр дэмжихзамаар гэмгүй жирийн иргэдээ хохироосоор байх уу гэдэгт бидТантай хамтдаа хариулт, шийдэл олохыг хүсч байна. Энэ нь монголын олон мянган хүүхдийн аюулгүй, баталгаатай хойч ирээдүйд талийгаач охины аав, ээж болон Таны зүгээс хийж чадах цорын ганц зүйл болов уу.
Бид иргэний хариуцагчаар Таныг татах тухай энэхүү хүсэлт, шаардлагыгэхлээд шууд өөрт тань хаяглан хүргүүлэхээр төлөвлөж байсан хэдий ч энэхүү хэргийг хэрхэн шийдэх нь хэргийн шууд хохирогч бид төдийгүй олон мянган ээж, тэдгээрийн бяцхан хүүхдүүдэд нэгэн адил хамаатай тул албан захидал төдийгүй ил захидал хэлбэрээрдавхар илгээлээ. Эрхэм Ерөнхий сайд та цаг гарган хавсралтаар хүргүүлж байгааCD-ний 11.15-12.10 минут дахь хэсгээс Нийслэлийн Радуга бүрэн дунд сургуулийн 8В ангийн сурагчГ.Марал охины сэтгэлийн өчилийг сонсохыг хүсье.
Та бидний хүсэлт, шаардлагыг хүлээн аваад хариуг өгөхдөө дараахь нөхцөл, хүчин зүйлийг тооцохыг хүсч байна. Үүнд:
1/ Танай Засгийн газар дөнгөж шинээр бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байгаагийн зэрэгцээ эдгээр осол аваар нь шууд тантай холбоогүй боловч
энэ бүхэн өөрөө үе үеийн Засгийн газрын хариуцлагагүй байдлын “үйлийн үр” гэж үзэж байна. Иймд шинэчлэлийн гэх Таны тэргүүлсэн Засгийн газар хариуцлагаа хүлээх төдийгүй цаашид төрийн албаны сахилга, хариуцлагыг шат шатанд нь тодорхой болгож, авлига, хүнд суртлыг үгүй хийн улмаар хүссэн хэн бүхэн“
хариуцлагатай бизнес эрхлэн” улмаар гарах эрсдэлээ өөрөө бүрэн хариуцах тийм л тогтолцоо, нийгмийг бий болгох арга хэмжээ авах шаардлагатай байна.
2/ Барилгын хариуцлагагүй бизнесийн улмаас амь нас, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохироод байгаа хохирогчдыг дахин хариуцлагагүй улс төр, сэтгүүл зүйн золиос болгохгүй байх боломжит арга хэмжээг авч ажиллана гэдэгт тань найдаж байна. .
3/ Таныг аливаа асуудалд “
хууль цааз”-ын дагуу гэж дүрэмдэхээсээ илүүтэй асуудалд туйлын
“прагматик” байдлаар хандан “
зөвшилцөх, ярилцах, харилцан ойлголцох” зарчмыг илүүтэй үздэг улстөрчийн хувиар болон шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хувиар тань хандсан юм шүү.
III.Шаардах хэсэг
Иймд энэхүү иргэний хариуцагчаар татах тухай хүсэлттэй хамтатган дараахь шаардлагыг Монгол Улсын Засгийн газар болон танд тавьж байна. Үүнд:
-
Та Засгийн газрын Тэргүүний хувиар барилгын хариуцлагагүй бизнес болон төрийн хүнд суртал, авлигын золиос болсон жирийн иргэдийнхээ ар гэрээс албан ёсоор уучлал гуйх /Одоогоор зөвхөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга зөвхөн уучлал гуйсан болно. /. Бидний дагах дуурайх дуртай орнуудад төр иргэнээсээ уучлал нь гуйна гэдэг өөрөө томоохон улс төрийн соёл юм билээ.
-
Та барилгын болон эрүүгийн хуулиуд нь эдгээр зүй бус үйлдэл, гэмт хэргийг бүрэн дүүрэн зохицуулж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан хууль, эрх зүйн боломж туйлын хязгаардлагдмал хэдий ч энэхүү эрүүгийнхэрэгт
Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс иргэний хариуцагчаар сайн дураараа оролцохыг зөвшөөрч байгаа эсэхийг мэдэхийг хүсч байна.
Монгол Улсын төр Монгол улсын нэрийн өмнөөс олон иргэнээ хуулийн дагуу яллаж, шийтгэдэг бол энэ удаа өөрөө хариуцлага хүлээх тохиолдол гарцаагүй мөн гэж үзэж байна.
Та хариуцлагагүй бизнес, төрийн авлига, хүнд суртлын золиос болсон гэмгүй иргэдийн ар гэрт учруулсан “
үлэмж хэмжээний” сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг Засгийн газрын зүгээс хэрхэн барагдуулах буюу нөхөн олговор олгох боломжтой талаар тодорхой санал гаргах боломж байна уу. Үрээ алдсан ээж нарын охин, хүүгийн амь нас төрд ямар үнэтэй вэ? Хязгааргүй зовлон шаналалд унасан эх хүн охиныхоо амь насыг хэнээс нэхэх вэ?
-
Эцэст нь хариуцлагагүй бизнесийн үйл ажиллагаа, төрийн авлига, хүнд сурталтайгаа хамт биднийбяцхан үрсийн цаашид амьдрах “хүмүүнлэг, иргэний ардчилсан” нийгмийг дэндүү муухай харагдуулж байна. Энэ бүхнийг хэрхэн засч залруулан дахин энэ мэт аймшигт алдаа гаргахгүй байх талаартанай Засгийн газрын зүгээс юу хийх гэж байгааг мэдмээр байгаа төдийгүй бидний зүгээс юу хийж чадах талаар уулзажярилцан санал солилцох хүсэлтэй байна.
Монгол төрийн алтан жолоо үргэлж дээшээ, монгол түмэн өнө мөнх амгалан байж, монголын үрс маш олон болох болтугай...
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ