
“Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төв нь нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү ойр хүртээмжтэй болгох зорилгоор байгуулагдаж байгаа юм.
Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ "Нийслэлийг хөгжүүлэх бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, нийслэлд шууд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө хотын удирдлагууд өмнөө томоохон зорилт тавин ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдрийн та бидний үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа “Улаанбаатар сонсож байна”-Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн төв юм. Энэхүү төв маань иргэн хот хоёрыг холбох өөрчлөлт шинэчлэлтийн гүүр болж ажиллана" гэлээ. Тус төвийг мэдээлэл технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан байгуулж байгаа бөгөөд иргэд Монгол улсын хаанаас ч утсаа ашиглан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай холбоотой асуудлаар санал хүсэлт, өргөдөл гомдол өгөх, лавлагаа мэдээлэл авах боломжтой юм. Мөн интернэтийн сүлжээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс “Улаанбаатар сонсож байна” мэдээлэл лавалгааны төвтэй холбогдох боломжтой. “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвтэй холбогдохын тулд “1200” тусгай дугаар руу залгах бөгөөд энэ дугаар нь зөвхөн Иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах утас”-ны үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нэг минут нь 200 төгрөгийн тарифтай. Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаарх бүх төрлийн лавлагаа мэдээллийг 1234 тусгай дугаар руу холбогдон авч болно. Энэхүү үйлчилгээнд энгийн тарифаар холбогдох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ