
Эрүүл мэндийн сайд Н.Удвал иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор өчигдөр Говь-Алтай аймгийн иргэдтэй видео уулзалт хийж эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан. Уулзалтын эхэнд сайд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар танилцуулав.
Үүний дараа иргэд санал, бодлоо хэлж, өөр улсаас янз бүрийн эм ихээр оруулж ирдэг, даатгалаар олгодог эм, өрхийн эмнэлгийн санхүүг нэмэгдүүлэх зэрэг олон асуулт тавьж сайдаас болон холбогдох мэргэжилтнүүдээс хариулт авлаа.
Манай улсын өрхийн эмнэлгийн 2012 оны төсөв 137 сая төгрөг байсан бол, ирэх онд 191 сая болж нэмэгдэх юм. Харин даатгалаар 410 төрлийн эмийг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй олгож байгаа гэдгийг мэргэжилтнүүд ярьсан.
Мөн энэ үеэр улирлын чанартай томуу, томуу төст өвчин туссан хүүхдүүд шууд эмнэлэгт хэвтэхээсээ түрүүнд гэрээр эмчилж эдгээх нь зөв гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн байна. Учир нь хүүхэд эмнэлэгт ирснээр бусдаасаа халдвар авах нь хурдан байдаг. Манай улс нэг хүнд ногдох эмнэлгийн орны тоогоор олон улсад эхний аравт ордог хэдий ч үйлчилгээ тааруу байгаа нь эмнэлгийн боловсон хүчин муу байгааг харуулж байна гэдгийг сайд дурдав. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхэд юу хийх шаардлагатай байгаа талаар тус аймгийн иргэдийн саналыг нь сонслоо.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг “Нээлттэй хаалга”-ны өдөр зарлах үеэрээ иргэдийн саналыг цуглуулсан байна. Энэ үеэр хэвтэн эмчлүүлэх дараалал их байдаг, хувийн болон улсын эмнэлэгт давхар ажилладаг эмч нарын асуудал, эмч, ажилчдын харилцааны соёл, эм гаднаас авдаг зэрэг асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзжээ. Эдгээр болон бусад яригдсан асуудлуудыг дорвитой арга хэмжээ авч ажиллахаа сайд илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ интернэт уулзалтад идэвхтэй оролцсон Говь-Алтай аймгийн иргэдэд талархалаа илэрхийлж цаашдаа тус уулзалтыг бүх аймгуудад хийх нь зөв юм гэдгийг хэллээ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ