Ойрхи Дорнодын Швейцарь хоёр дахь Сири болоход ойртлоо

img

Ливаны байдал дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо Ойрхи Дорнодын Швейцарь гэгддэг Ливан улс сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Нийслэл Бейрут хотноо автомашинд тавьсан бөмбөг дэлбэрсэний улмаас тус улсын тагнуулын албаны дарга Виссам аль Хассан бие хамгаалагч, жолоочийнхоо хамт амь үрэгдэж, 80 орчим хүн гэмтэж бэртсэн байна. 2005 онд Ливаны ерөнхий сайд Рафик Хариригийн амь насанд халдсан явдлын дараа гарч буй хамгийн том халдлага энэ болоод байна. Халдлагын улмаас сүүлийн үед Сирийн байдлаас болоод суннит, шийтүүдийн дунд хурцдаад буй тэмцэл улам ширүүссэн нь энэ юм. Тагнуулын албаны дарга Виссам аль Хассан нь суннит шашинтан бөгөөд 2005 онд Дамаскт амиа алдсан ерөнхий сайд Хариригийн үхлийн хэргийг илрүүлэх талаар их зүйл хийж байгаа хүн юм. Тэр ч утгаараа Рафик Харири агсны хүү, өдгөөгийн сөрөг хүчний удирдагч Саади Хариригийн үнэнч хамтран зүтгэгч байжээ. Виссам аль Хассаныг амиа алдсаны дараа Бейрут хотноо эмгэнэл зарласан ба, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн оролцсон оршуулах ажиллагааны дараа суннит шашинтнууд жагсаал цуглаан хийж улмаар мөргөлдөөнд тулсан юм. Жагсагчид ерөнхий сайд Нажиб Митакиг огцрохыг шаардлаа. Саади Хариригийн толгойлсон сөрөг хүчнийхэн болон суннит шашинтнуудаас бүрдсэн жагсагчид Ерөнхий сайд Митакиг Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмийг хүлээн зөвшөөрч дэмждэг, Виссам аль Хассаны аллагад оролцсон зэргээр буруутгаж, нэн даруй огцрохыг шаардсан юм. Бейрутэд өмнө нь юу болсон бэ 2005 онд ерөнхий сайд Рафик Хариригийн аминд халдсаны дараа гэм буруутнуудыг илрүүлэх, мөрдөн шалгах комиссыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс байгуулж байлаа. Комисст ТТГ-ын ажилтнууд багтаж байлаа. Хэргийг нэлээд хэдэн жил мөрдөн шалгасаны эцэст Хариригийн үхэлд Сирийн хүчний байгууллагууд хутгалдсан тухай дүгнэлт хийсэн юм. Мөн Ливаны тагнуулын албаныхны буруутган баривчилсан Махмуд Абдель Али гэгч этгээд дэлбэрэлт болохын өмнөхөн Ливаны ерөнхийлөгч Эмил Лахуд руу утсаар ярьсан нь тогтоогджээ. Тиймээс энэ хэргийг Ливаны ерөнхийлөгчийн захиалгаар Сирийн тусгай хүчнийхэн дэлбэрэлт зохион байгуулж амийг нь хороосон хэмээх дүгнэлтэд хүрснээр дахин шуугиан дэгдсэн юм. Нэг ёсондоо Ливаны шийт шашинтай ерөнхийлөгч нь суннит гаралтай ерөнхий сайдаа Сирийн шийтүүдийн гараар устгуулсан хэмээх гаргалгаа эндээс ажиглагдана. Үүний дараахан Ливан болон Сирийн ерөнхийлөгч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан хэргийг шалгах тусгай комисс хэт нэг талд ажилласан хэмээх гомдол гаргаж байлаа. Үүнээс хойш Ливаны шийт болон суннитүүдийн хооронд мөргөлдөөн гарах болж 2011 оны арабын хавраар улам ширүүссэн ч нэг хэсэгтээ байдал намжсан. Сүүлийн үед Сирийн хямрал хөрш орнууд руугаа хальж буйн нэг жишээ болж Ливанд ч Сирийг дэмжигч төр засгийнхаа эсрэг Сирийг үзэн ядагч сөрөг хүчнийхэн, суннитүүд тэмцэлдэх болсон юм. Өнгөрсөн долоо хоногт суннит гаралтай Тагнуулын албаны дарга бригадын генерал Хассаны амийг хороосон нь ийнхүү одоогийн нөхцөл байдалд хүргээд байна. Бейрутэд одоо юу болж байна Аль Жазира болон Ливаны орон нутгийн Аль Жадид телевизээр нийслэл Бейрут хотноо болсон жагсаал цуглаан хяналтнаас алдагдаж буудалцаанд хүрсэн тухай мэдээлжээ. Энэ талаар өрнөдийн томоохон мэдээллийн агентлагууд уламжилжээ. Бейрутын баруун дүүрэгт сөрөг хүчний удирдагч Саади Хариригийн талынхан болон засгийн газрын цэргүүд буудалцаж буй гэнэ. Бейрутын төв талбайд өрнөж буй жагсаал сүүлдээ засгийн газрын байр луу дайрсан дайралт болж хувиран цагдаа нар нулимс асгаруулагч, хийн буу ашиглан жагсагчдыг тараах гэж оролдсон ч хүч хүрэлцэхгүй байсан. Ерөнхий сайд Митаки энэ үеэр телевизээр үг хэлж ард түмнээ тайван байхыг уриалаад одоохондоо онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй хэмээжээ. Тэрбээр мөн Хезболлах бүлэглэлийнхнийг Хассаны аллагад буруутгасан байна. Тэгвэл сөрөг хүчнийхэн Хассаны үхэлд Сири болон Ливаны засгийн газар буруутай хэмээн бат итгэлтэй байгаа аж. Гэсэн ч мэдээллийн хэрэгслүүдээр Ливан улс хоёр дахь Сири болж хувирахад маш ойртож ирлээ гэж мэдээлж байна. Засгийн газрын цэргүүд, цагдаа нар жагсагчид тэмцэгчдээс их хэмжээний буу зэвсэг хураан авсан тухай мэдээлж байна. Нарийн тоо гараагүй ч одоогийн байдлаар нэлээдгүй хүн алагдаж шархадсан гэнэ. Ливаны эргэн тойронд Сирийн ерөнхийлөгч Башар Ассад Ливанд дэлбэрэлт болж улмаар байдал хурцдан зэвсэгт мөргөлдөөнд хүрсэнтэй холбоотойгоор мэдэгдэл хийсэн гэнэ. Түүний хэлж буйгаар Виссам Хассаны үхэлд эмгэнэл илэрхийлээд Ливаны ард түмнийг гадны хүчнийхний золиос болж хагаралдахгүй байхыг уриалжээ. Харин АНУ тэргүүтэй өрнөдийнхөн одоогоор ямар нэг мэдэгдэл хийсэнгүй, байдлыг ажиглаж байна. НҮБ-ын зүгээс Ливан улсын засгийн газарт хандан улс орондоо энхийг сахиулах, энгийн ард иргэдийг хохироохгүй байхыг уриалжээ. Н.Өрнө    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Mongol uls maani bolchihgui baih heregtei shuu.
2012-10-24
Oros baruuniihan hoyor laliinhanii stusaar garaa ugaaj ehellee de
2012-10-24
Goyo duu sonsotsgooy:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-10-23
SS:
erguu mal nohoin gulug laliihan
2012-10-23