
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд болон мэргэжилтнүүд томуугийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж иргэдэд томуугаас урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар зөвлөгөө өглөө.
Томуугаар өвчлөгсдийн 80-90 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд, үүн дотроо 60 орчим хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Мөн уушгины үрэвслийн тохиолдол өсч, дүүргийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо нэмэгджээ. Тиймээс аль болох гэрээр эмчлэх боломжтой хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэхгүй байхыг ХӨСҮТ-ийн Тандалтын үндэсний нэгжийн дарга Б.Бурмаа хэллээ.
Тэрбээр ХӨСҮТ-д очиж томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийлгэх шаардлагатайг зөвлөсөн. Вакцин хийлгэснээр тухайн хүн халдвараас сэргийлж, уушгины хатгаа болж хүндрэхгүй, эмнэлэгт хэвтэхгүй байх зэрэг эндэгдлээс сэргийлэх боломжтой аж
Томуугийн өвчний дэгдэлт арванхоёр, нэг, гурав, дөрөвдүгээр сард дэгддэг тул бага насны хүүхэд олноор байдаг цэцэрлэг, сургуулиуд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах ёстой. Анги танхимд агааржуулалт тогтмол хийх, гарын ариун цэвэр сахих болон эцэг, эхчүүд хүүхдээ улирлын онцлогт нь тааруулж хувцаслах хэрэгтэй. Мөн хүнсний хэрэглээг зөв зохистой хуваарилж, тэжээллэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь зүйтэй гэв.
www.emch.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ