Архин далайд дайвалзах “Сант” завиныхан хэзээ мөхөх вэ?
-ТАЛИЙГААЧ ОХИН ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН АРХИ УУДАГ ГАЗАРТ АМЬСГАЛ ХУРААЖЭЭ-
Талийгаач охины амьсгал хураасан газраас холгүйхэн архины хагархай шилнүүд хөглөрч байлаа
Хүнд даацын машин шороон замаар тоос татуулан өмнөөс хурдтай давхиад ирж яваа харагдлаа. Зам тавиад өгөх болов уу хэмээн хаазаа зугуухан багасгалаа. Нэг л биш ээ. Хурдхан шиг зам тавьж өгөхгүй бол мөргөлдөх шинжтэй, "аймаар" хурдтай ирж явна. Яаравчлан замын хажуу руу гарч зогслоо. Нөгөө хүнд даацын "Хово" маркийн машин унаж яваа жолооч шууд тулж ирээд зогсдог юм байна. Машинаас 30 гаруй настай болов уу гэмээр өндөр биетэй хүрэн бор царайтай залуу үсэрч бууж ирээд шууд "Та нар зам тавьж өгөхгүй байх чинь яасан юм.
Хэрэв зам тавьж өгөөгүй бол газартай чинь тэгшлэх байсан юм. Та нар миний нутагт явж байгаагаа мэдэж байна уу. Дургүй хүргээд байвал ална шүү" гээд л цамнаж гардаг байна шүү. Бид ч бүр гайхаж орхилоо. Хараад байх нь ээ жолооч өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтжээ. Гуйвж дайваад л хөл дээрээ тогтож чадахгүй шахам байв. Мөн машиных нь кабинд хоёр залуу "тас үсэрчихэж". Ер нь үгийг нь сөргүүлээд байвал эвгүйтэх шинжтэй шүү. Арай гэж нөгөө залуугаас салаад цааш явлаа. Машиндаа сууж чадахгүй байгаа бололтой ард хаалгаа онгойлгочихоод дээшээ авирч байгаа харагдлаа.
Гэтэл дахиад улаан зээрд болтлоо согтсон залуу мотоцикльтой замд таардаг юм байна. Дунд сургуулийн сурагчид бололтой хичээлийнхээ цүнхийг үүрсэн хоёр хүүхэд хажууд нь зогсож байлаа. Мань эр сумын төв дээр архи ууж согтоод, замын ховилд гуядуулаад мотоцикльтойгоо ойчжээ. Тэгээд зогсч буй нь тэр аж. Согтуу залуугийн нүүр нь зулгараад цус гарчихсан. Үүнийгээ мэдэж байгаа ч юм алга. Мотоциклио босгох гээд чадахгүй зогсож байсан юм. Хамт яваа хоёр хүүхдээ "Чулч нар минь наанаасаа өргөөч. Гэртээ очоод олон юм хуцаад байвал ална шүү" гээд загнах юм.
Өвөрхангай аймгийн Сант сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 11 дүгээр ангийн дөрвөн охин архи ууж, үүнээс болж нэг охин нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Дээрх хэргийн талаар сурвалжлахаар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Өвөрхангай аймгийн Сант сумыг зорьж, яваа нь энэ. Нийслэлээс өглөө эрт хөдөлсөн бид бага үдийн алдад Төв аймгийн Эрдэнэсант сумаар дайрч, төв замаас салсан юм. Тэгээд Эрдэнэсант сумын төвөөс баруун урагш чиглэн довтолгон Сант сум руу явсан шороон замаар давхисаар Хатуугийн булагаар дайран Шар нохойт гэх давааг давж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт очих аж. Эндээс мөн л баруун урагш давхиж зорьж яваа сумынхаа нутагт явж байхдаа согтуу залуустай тааралдсанаа бичиж буй минь энэ.
СУРГУУЛИЙН ХҮҮХЭД АВАХ ГЭЖ ИРСЭН ЗАЛУУС "БААСАН" АХЫН ТӨРСӨН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙЛАА
Их үдийн алдад Сант сумын төв рүү ороод ирэх аж. Өвөрхангай аймгийн урд захын буйд суманд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Мотоцикльтой залуус энд тэндгүй сүлжилдэн давхиж, сургуулийн хүүхдүүдийн хичээл тарж байгаа бололтой. Хагас бүтэн сайн өдөр малчид хүүхдүүдээ гэртээ аваачихаар ирсэн үед нь очжээ. Хөдөөнөөс дүү, хүүхдээ авахаар ирсэн залуус дэлгүүрийн гадаа хэд гурваараа бөөгнөрөн зогсчээ. Архи, пиво ууж байлаа. Архи, пиво ууж байсан залуус хоорондоо "Сургуулийн бацаанууд архи уугаад согтчихсон гудамжаар явуулахгүй нь. Эртээр 11 дүгээр ангийн бацаанууд зодох гэж байна лээ. Бөөнөөрөө ирчихээд "Наад муугаа алаад хая. Элбээд хусчих уу" гээд хөөрч гарсан. Ганц цохилт даахгүй юмнууд гай болно гэж бодоод яваад өгсөн" хэмээн ярьж байна. Мөн "Тэр охин "тасарчихсан" байсан гэсэн. Аав, ээж нь хэцүү байх шиг байна лээ. Ажил явдал нь болоод өнгөрсөн гэсэн. Очиж уулзах гэхээр зүрх хүрэхгүй юм. Яахаараа охидууд "тасартлаа" уучихдаг байна аа. Ингэх гээд байсан юм. Сургуулийн хүүхдүүд хэтэрхий уугаад байсан юм" гээд л ярьж байв. Тэднээс "Архи уугаад амиа алдсан талийгаач охины гэр хаана байдаг юм бэ" гээд асуучихлаа. Нөгөө хэд чинь бүгд гайхан харж байснаа гаднаас ирсэн цагдаа гэж бодсон бололтой "Олон байшинд. Тэр зүүн талын хаалга" гээд гэрийг нь зааж өглөө. Биднийг ийн зогсож байхад сумын цагдаа ахмад Л.Мөнхболд машинтайгаа явж өнгөрсөн юм. Нөгөө архи ууж байсан залуус цагдаагийн бараанаар шилтэй цэнхрээ ханцуйлж, алсын бараа ширтэж байгаа дүр эсгэцгээх аж.
АНГИЙНХАА ГУРВАН ОХИНТОЙ АРХИ УУЖЭЭ
Талийгаач охиныг А.Пүрэвсүрэн гэдэг юм байна. Айлын отгон хүүхэд гэнэ. Талийгаач тус сумын дунд сургуульд сурч байгаад, гурван жилийн өмнө Нийслэлийн 48 дугаар сургуульд шилжсэн ч энэ жил эргээд нутагтаа ирж, хуучин ангидаа сурах болжээ. Тэрбээр энэ жил дунд сургуулиа төгсөх байв. Талийгаач эхээс хоёулаа боловч, аавтайгаа амьдардаг байжээ. Нутгийн оршин суугчид болон Өвөрхангай аймгийн цагдаа нарын хэлж буйгаар талийгаач охин үерхэж байсан хөвгүүнээсээ салснаас болж ийм явдал болсон бололтой. Тэрбээр амь насаа алдахын өмнөх өдөр найз хөвгүүнтэйгээ муудалцаж, салахаар болсноо дотны найздаа мессежээр хэлсэн байна. Тэр өдөр нь талийгаачийн аав ч хөдөөнөөс ирж таарсан аж. Охин мөн л аавтайгаа үг сөргөлдсөн тухайгаа найздаа утсаар хэлсэн байна. Тэрбээр аавдаа "Ангийнхаа хүүхэдтэй уулзаад ирнэ. Тэнд хичээл хийж хонох байх" гээд гарчээ. Маргааш нь гэрийнхээ хойхно байх толгойн жалганд амьсгал хураасан байхыг аав нь олжээ.
Цагдаа нарыг хэргийн газар очиход талийгаач охин дан цамцтай, дээшээ хараад унтсан байдалтайгаар амьсгал хураасан байжээ. Цамцныхаа цахилгааныг бага зэрэг доош нь буулгасан, зарим хэсэгт нь цусны толботой байсан гэнэ. Охин гэрээсээ гарахдаа хоёр утастай байсан ч нэг нь алга болсныг гэрийнхэн нь гэрчилж буй аж.
Энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө энэхүү харамсалтай үйл явдал болжээ. Нутгийнхны хэлж буйгаар талийгаач ангийнхаа Ц, М, Н нартай гэрийнхээ хойхно байх жалганд нэг шил архи уугаад, улмаар тэндээ "Хүн хүлээнэ" хэмээн үлдсэн бололтой. Гэвч тэрбээр архиндаа согтож, тэндээ унтсан уу, эсвэл ямар нэг шалтгааны улмаас амиа алдсан уу, ямартай ч өглөө нь тийнхүү олдсон байна. Тэрбээр 10-ны шөнө буюу хамгийн сүүлд үерхэж байсан хөвгүүн рүүгээ ирж авахыг гуйсан утгатай мессеж бичсэн байсныг нутгийн болон сургуулийн хүүхдүүд ярьж байсан юм.
"ТАЛИЙГААЧИЙГ ГАДНЫН НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН ГЭХ ЮМ БИЛЭЭ"
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүү "П дуугүй талдаа гэхдээ хүүхдүүдтэй их нийтэч, найрсаг хүүхэд байсан. Харамсалтай явдал болсон ч түүний хэрэгт холбогдоод байгаа хүүхдүүд зүгээр л хичээлдээ яваад байгаа нь сонин санагдсан. Заавал тэр хүүхдүүдийг хорь гэхгүй л дээ. Гэхдээ л зарим хүний яриагаар түүнийг хөлдсөн биш гаднын нөлөөтэй амиа алдсан гэх юм билээ" гэсэн юм. Мөн өөр нэгэн хүн "Манай сумын сургуулийн хүүхдүүд тэр тусмаа ахлах ангийн хүүхдүүд маш их архи ууж байна. Олон хавар нэгэндээ гэгчээр нэг охин амиа алдлаа. Өөр хэчнээн хүүхэд ийм золгүй байдалд өртөхийг хэлж мэдэхгүй юм. Насанд хүрээгүй хүүхдэд архи зарсан дэлгүүрийг өнөөдрийг хүртэл хаагаагүй, ямар нэг арга хэмжээ авч "шийтгээгүй" л байна" гэсэн юм.
Талийгаачтай хамт хамгийн сүүлд байсан гэх ангийнх нь гурван хүүхдийг болон найз хөвгүүнийг нь гадуур байцааж байгаа юм байна. Тэд цагдаа нарт "Хэрэг гардаг орой бараг архи уугаагүй. Талийгаач архи ууя гээд нэг шил архи аваад ирсэн. Ууж байгаад гэртээ харилаа гээд яваад өгсөн юм. Үүнээс өөр юу ч мэдэхгүй" гэх мэдүүлгийг өгсөн байна. Охины үхлийн шалтгааныг тодруулах задлан шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна. Задлан шинжилгээний хариу гарахаар хэргийн бүх зангилаа тайлагдана гэв. Тухайлбал архи ууж өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтоод осгож нас барсан уу, эсвэл гадны ямар нэгэн нөлөө байсан уу гэдгийг нарийвчилсан шинжилгээний хариу хэлж, хэргийг мөрдөн шалгах ажил эрчимжих аж.
Ингээд охины амь насаа алдсан газарт очлоо. Сумын төвийн зүүн хойд талын айлуудын хашааны хойно байх хад чулуутай газар байв. Тэр хавиар архины шилний хагархай энд тэндгүй хэвтэж байлаа. Тус сумын дунд сургуулийн сурагчдын ирж архи уудаг газар гэдгийг газарчилж өгсөн хүү онцлон хэлж байсан юм. Сант сумын сургуулийн хүүхдүүдийн архи уудаг газарт охин амь насаа алдсан ажээ.
Үргэлжлэл бий.
Э.БААТАР
Эх сурвалж: Өдрийн сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ