
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн хариу гарч улсын Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин Б.Сугаржаргал нар сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн тухай хэвлэлээр ид шуугиж эхэллээ.
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар Х.Мөнхбаатар арслан долоо давсан бол Б.Сугаржаргал нь шинэхэн начнаар тодорч хурдан удмын дааганы эзэн болсон билээ.
Улсын арслан Х.Мөнхбаатар тавын даваанд улсын начин Ж.Оргилыг, зургаагийн даваанд улсын начин Ж.Амартүвшинг, долоогийн даваанд улсын харцага Т.Санчирыг давж наймын даваанд улсын арслан Д.Рагчаад өвдөг шороодсон билээ.

Харин Б.Сугаржаргалын хувьд дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг, тавын даваанд Б.Соронзонболд зааныг тус тус давж начны болзол хангасан боловч ийнхүү сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн нэгээр тодорлоо.
МҮБХ болон Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд давсан давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол, чимгийг хураах, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах хүртэл шийтгэл оноох эрхтэй. Баяр наадмын тухай хуулиндаа ч ингэж заасан байдаг. Гэсэн хэдий ч одоогоор сэргээш хэрэглэсэн гэгддэг бөхчүүд ямар нэгэн шийтгэл авч байсан түүх байхгүй.
Тиймээс холбооныхон нь арслан, начингаа хамгаалж тэгсгээд өнгөрөөх үү, хуулиа дагах уу гэдгийг харах үлджээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ