МАН-ын гишүүд Ерөнхий сайдыг шүүхэд өгнө гэв
Сүүлийн үед улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт буюу Өвөрхангай аймагт тус намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нартай холбоотой маргаан эцсийн байдлаар шийдэгдээгүй байхад Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр болж буй эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд Монголд парламентын ардчилал үгүй болсон гэдгийг дуулгалаа. Тиймээс УИХ-д тус намаас сонгогдсон гишүүд Г.Батхүү нарыг тангараг өргүүлэхгүй байх шаардлага хүргүүлж, улмаар Ерөнхийлөгчид хандсан аж. Эсэргүүцлээ илэрхийлсэн тус намын гишүүдийг төрийн үйл ажиллагаа тасалдуулж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед газар авч буйг илт улстөржсөн гэж үзэж байгаа аж.
Тэрбээр “Манай намын гишүүд байнгын хороо болон бүлгийн хурлаа хийж байгаа. Хууль бусаар тангараг өргүүлэхээс бусад хэлэлцэх чухал асуудалд МАН-ын бүлгийн гишүүд оролцохоос татгалзсан зүйл байхгүй. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын залуу гишүүд үзэл бодлоо илэрхийлж жагссаныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөнгө авч жагссан гэж илтэд залуу гишүүдийн нэр төрд халдсан мэдээлэл хэвлэл мэдээллээр цацсан.
Тиймээс манай залуучууд Ерөнхий сайдыг мөнгөөр жагссаныг нотлох баримтаа 24 цагийн дотор гарган өгч, хэвлэл мэдээллээр ил болгохыг шаардсан албан бичиг хүргүүлсэн байна. Бид залуучууддаа дэмжиж байгаа. Хэрэв нотлох баримтаа гаргаж өгөхгүй бол шүүхэд хандана” гэсэн мэдээллийг өгсөн байна. МАН-ын гишүүд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хууль зөрчсөн буруу бодлого шийдвэрийн эсрэг хатуу зогсохоо мэдэгдлээ.
Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ