Автозамын түгжрэл буурчээ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан даваа гаригт боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урдчилан сэргийлэх цогц арга хэмжээний нэгдсэн тайланг тус ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийг тодорхой заагдсан хэсгүүдэд нэгдүгээр эгнээгээр явуулах, автомашиныг улсын дугаарын сүүлчийн цифрээр ялган хөдөлгөөнд оролцуулах, томоохон худалдааны төв болон зарим их дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх, сургуулийн автобустай болох гэх мэт томоохон ажлуудыг санаачлан хийжээ.
Эдгээр ажлын үр днд, Нийтийн тээврийн хэрэгслийг автозамын нэгдүгээр эгнээгээр явуулсантай холбогдуулан Зүүн 4 замаас Саппорогийн тойрог хооронд хөдөлгөөнд зарцуулах хугацаа 10-15 минутаар буурч, хурд 4 км/цаг –аар нэмэгдсэн байна. Мөн нийтийн тээврээр зорчигчдын тоо 12,5 хувиар нэмэгдэж, өдөр тутам дунджаар нийт иргэдийн 75 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлсэн гэж ажлын хэсэг дүгнэжээ. Ерөнхий боловсролын 28 сургуулийн 2722 сурагчийг хүүхдийн автобусаар тээвэрлэснээр мөн тооны хувийн автомашнаар зорчих зорчилтыг буруулсан байна. Нийслэлийн нутгийн захиргааны 65 байгууллагын 1605 төрийн албан хаагчийн хувийн автомашины хэрэглээг зохицуулсан байна. Энэ үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ажлын өдрүүдэд 20 хувиар буурсан гэж ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр онцолоо. Харин цаашид Энхтайвны өргөн чөлөөний дагуу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явах зурвас хэсгийг 5 шараас Офицеруудын ордон хооронд болгож нэмэгдүүлэх, Улсын дугаарын хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэх, Төрийн албан байгууллагууд гаднах автозогоолын 80 хувийг иргэд, үйлчлүүлэгчдийн автомашин зогсох нөхцөлийг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэх, Худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн шинэчилсэн цагийн хуваарийг мөрдүүлэх, зарим их, дээд сургуулийн эхлэх цагийн хуваарийг өөрчлөх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн орчимд хурд сааруулагч байрлуулах ажлыг үргэлжлүүлэх, Хууль зүйн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012-2016 онд хамтран ажиллах санамж бичигт замын хөдөлгөөнд хяналт тавих 120 цагдааг нэмж ажиллуулах талаар тусгах нь зүйтэй байна гэсэн саналтай байгаагаа хэллээ. Мөн хотын замын хөдөлгөөний ачааллыг багасгах автомашинаас гарах агаарын болон дуу чимээний бохирдолыг бууруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгааг ч онцолсон. Ингэхдээ Амарсанаагийн гудамж, 11-р сургууль, Бөмбөгөрийн /хойноос урагш/ уулзварын зүүн эргэлтийг хязгаарлах, Хотын төвийн хэсгийн ачаалал ихтэй автобусны зогсоолуудын кармааг уртасгах, Нарантуул олон улсын худалдааны төвийн орчмын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах зэрэг ажлыг хийх нь үр дүнтэй гэж танилцууллаа.
Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, автомашины механик өсөлтийг бид бас тооцох хэрэгтэй. Жил ирэх тусам шинээр улсын дугаар авч хөдөлгөөнд оролцох авто машины тоо нэмэгдсээр байна. Тиймээс автомашины импорт дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Үйлдвэрлэсэн хугацаа нь 10 жилээс хэтэрсэн, буруу талдаа рультэй машиныг оруулахгүй байх тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэв. Нийслэлийн Засаг дарга, авто машины дугаарыг шинээр олгохдоо жолоочийн хаягийг тодорхой болгоё. Бид зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож чадахгүй явдал их байгаа. Тиймээс хаягжуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл илүү үр дүнтэй байхыг судлах нь зөв гэлээ. Удирдлагын зөвлөл, улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачлааллаас урдчилан сэргийлэх цогц арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх тухай асуудлыг энэ сарын 25-нд НИТХ-ын ээлжит чуулганаар дахин хэлэлцүүлье. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээг илүү сайжруулах, парк шинэчлэлтийг нэмэгдүүлэх, хотын гурван эгнээтэй зам бүрийн нэгдүгээр эгнээг чөлөөлөн зөвхөн нийтийн тээврийн зорчих хэсэг болгох, хоёр эгнээтэй замд нэгдүгээр эгнээнд нийтийн тээвэр илүү давуу эрхтэй гэсэн тэмдэглэгээг хийх зэрэг арга хэмжээг нэмж хэлэлцүүлье гэдэг дээр санал нэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ