Шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах журмыг өөрчилнө
Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 161 дүгээр тогтоолыг үндэслэн, хотын бүтээн байгуулалт, эдийн засаг нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, хэрэглэгчдэд зөв сонголт хийх боломж олгох байдлыг хөхиүлэн дэмжих, аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад дотоодын зах зээлд өөрсдийгөө сурталчлан таниулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”–ийг шалгаруулах ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2012 оны А/118 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн байна. Энэ тухай тухай мэдээллийг Ерөнхий менежер Ч.Бат танилцууллаа. Тус ажлын хэсэг шалгаруулалтанд оролцохоор хүсэлт ирүүлсэн 16 аж ахуйн нэгжийн бичиг баримттай танилцах, газар дээр нь очиж үнэлгээ хийх ажлыг энэ сарын 10-18 хооронд хийсэн байна. Үнэлгээг өгөхдөө журамд заасан шалгуур үзүүлэлтүүдээс үйл ажиллагааны цар хүрээ , ажил үйлчилгээ нь нийтийн хүртээл болсон байдал, хотын эдийн засаг нийгмийн хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, хүн нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг илүүтэй анхааран харгалзан үзжээ.
Шалгаруулалтад оролцсон нийт аж ахуйн нэгжүүдэд Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн онооны дунджаар хамгийн өндөр оноо авсан “Монгол глобал” ХХК, “Талх чихэр” ХХК, “Наран их дэлгүүр” ХХК,”М-Си-Эс Кока Кола” ХХК-ийг нийслэлийн 2012 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулахаар саналыг дэвшүүлж байгааг тэрээр мэдээллээ. Шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулах журамд 5 хүртлэх аж ахуйн нэгжийг шалгаруулан, өргөмжлөл гардуулна гэж заасан байдаг. Тиймээс энэ жил бид дээрхи дөрвөн аж ахуйн нэгжийг нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр болон нийгмийн хариуцлагын ажлыг нь үнэлэн шалгаруулсан гэж Ерөнхий менежер Ч.Бат мэдээллээ.
Танилцуулгыг сонсоод Нийслэлийн Засаг дарга, шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах журмыг шинэчлэн тогтоож, НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах нь зөв юм. Цаашид эдгээр аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахдаа салбар тус бүрэрэ нь ялган шалгаруулж, бүх аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломж олгох нь чухал. Тиймээс хамгийн сайн сургууль, хамгийн сайн дэлгүүр, хамгийн сайн үйлчилгээний газар гэх мэтээр шалгаруулж байвал, илүү үр дүнтэй, хүндэтгэлтэй шагнал болж чадах юм гэв. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах арга хэмжээний журмыг шинэчлэн өөрчлөх тухай асуудлыг боловсруулан НИТХ-аар хэлэлцүүлэхээр тогтлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ