Монгол барималчдын бүтээл мөнхрөх боломжтой боллоо
Үе үеийн олон сайхан уран бүтээлчдийн бүтээлүүд он цагийн шалгуурыг даахгүй үрэгдэж хоцорсон нь элбэг. Хэрэв манайхан өөрсдөө хүрлээр цутгадаг байсан бол сайхан сайхан бүтээлүүд мөнхийн бүтээл болж үлдэх байсан биз ээ. Дэлхий дээр хамгийн шалгарсан цутгуурыг хүрлээр л хийж байна. Гэтэл манайд улс төрийн бодлого зорилгоор л улс төрийн зүтгэлтэн, алдартнуудын хөшөөг цутгаж байсан болохоос урлагийн бүтээлд анхаарал тавьж байсан нь үгүй. Энэ нь нэг талаас энэ чиглэлийн мэргэшсэн уран бүтээлчид байдаггүй байсантай холбоотой бас багагүй мөнгө хөрөнгө зарлагддагтай холбоотой биз ээ. Сүүлийн үед уран бүтээлчдийн нар гарах болсон нь монголчууд өөрсдөө уран цутгуурын үйлдвэртэй болсон явдал юм. Солонгост мэргэшсэн Д.Эрдэнэбилэг хэмээх залуу “Монгол уран цутгуур” компаниа байгуулж ажиллах болсон цагаас хойш гадагшаа урсч байсан мөнгөний урсгалыг Монголдоо авч үлдэх нэгэн боломжийг нээжээ. Дандаа урд зүгт хийдэг уран цутгуурыг дагаж их мөнгө гарахаас гадна урлагийн бүтээлийн патентууд дандаа харийн оронд үлддэг байлаа. Харин одоо монголчууд өөрсдөө ур чадвар ихээхэн шаарддаг уран цутгуурыг хийдэг болсон цагаас хойш Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 21 Дарь эх, Язгуурын таван бурханыг Өндөр гэгээний өөрийнх нь тэг хэмжээсээр хийж, Арвайхээр хотод Өндөр гэгээн Занабазарын суурьтайгаа 25 метр өндөр хүрэл цутгуур, гадаад хэргийн анхны сайд Чин ван Ханддорж, Монгол Улсын генерал Цог, Чингүнжав нарын хөшөө гээд монгол хүний ур ухаан шингэсэн олон бүтээлүүд үлдэх болжээ. Тэд захиалгын бүтээлээс гадна уран бүтээлчдийн шилдэг сайн бүтээлүүдийг мөнхлөх зорилгоор “Тэнгэрийн санаа” үзэсгэлэнгээ энэ сарын 24-ний өдөр нээхээр болсон байна. Монгол барималчдын бүтээл ийнхүү анх удаа хүрэл цутгамалаар олон түмэнд хүрэх гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ