Өнгөрсөн жил ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсад Монгол туургатны үндэсний бөхийн дөрөвдүгээр их наадам болсон. Тус наадмын +85 кг-ын жинд Увс аймгийн Сагил сумын харьяат Монгол улсын залуу Харцага А.Бямбажав манлайлсан билээ. Монгол туургатны тавдугаар их наадамд зодоглохоор бэлтгэлээ хийж байхад нь түүнтэй уулзаж ярилцлаа.
-Удахгүй Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам болох гэж байна. Та өнгөрсөн жилийн Тувад болсон наадамд түрүүсэн. Тувад болсон наадмынхаа тухай ярихгүй юу?
-Тувад болсон наадам үнэхээр сайхан болсон. Миний хувьд барилдаан бүхэнд хичээж барилдсан. Наадмын зохион байгуулалт, бөхчүүдийг хүлээж авсан байдал гээд л бүх юм сайхан байсан шүү. Наадамдаа маш их сэтгэл гаргаж, ач холбогдол өгч байгаа нь харагдсан.
-Бусад туургатны бөхчүүдтэй барилдахад ямар байсан бэ?
-Ер нь учраа бүр л эвгүй байсан. Бусад туургатны бөхчүүд барьц авбал яаж халах вэ? Мэх хийвэл яаж хамгаалах вэ? гэх мэтчилэн үндэсний бөхийн барилдааныг бичлэгээс үзэж ихээхэн судалсан юм шиг санагдсан.
-
Энэ удаагийн наадамд та оролцоно биз дээ?
-Тэгэлгүй яахав. Монгол туургатны наадамдаа оролцож, өнгөрсөн наадмын амжилтаа давтахыг хүсч байна.
-Өнгөрсөн жилийнхээс өмнөх наадмуудад та яаж оролцож, ямар амжилт гаргаж байв?
-Би өнгөрсөн жилийн Тувад болсон наадамд анх удаа оролцоод түрүүлсэн. Өмнө нь болсон наадмуудад оролцож байгаагүй. Анх удаа оролцоход үнэхээр сайхан наадам юм байна гэж бодогдсон.
-
Монгол туургатны үндэсний бөхийн наадмын онцлог таны бодлоор юу вэ?
-Хамгийн гол онцлог нь мэдээж орон орны Монгол туургатны бөхчүүд оролцож байгаа нь. Мөн цолны эрэмбэ гэж байхгүй сугалаагаар явагддаг учраас нэгийн даваанд ч хүнд учраатай таарах магадлалтай. Энэ нь ер нь бол хүний азыг сорьсон зүйл л дээ. Энэ утгаараа маш сонирхолтой байдаг.
-
Эцэст нь та оролцож байгаа Монгол туургатны бөхчүүддээ хандан мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Нийт Монгол туургатны бөхчүүддээ наадамдаа сайн оролцоорой, сайн барилдаарай гэж хүсэн ерөөе. Бүгдээрээ наадам дээрээ уулзацгаая.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ