Багш нарт олгох тэтгэмжийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар дээрх төслийг хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж байгаа багш, албан хаагч, ажиллагсдыг хоёр хуваан тэтгэлэг олгох асуудлыг туслах ажилчинд тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийн хугацааг хойшлуулж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр гишүүд санал гаргасныг гишүүд дэмжсэн байна. Түүнчлэн багш нар тэтгэвэртээ гарахад авах нэг удаагийн тэтгэмжийг 2013 оны нэгдүгээр сараас эхлэн олгохоор болжээ. Харин сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхийг гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.
Гурав дахь санал болох сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшид 5 жил тутамд 1 удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох асуудлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ