Дагалдах хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

img

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан 62 хувийн ирцтэйгээр эхэлж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Дээрх хуулийн төслүүд болон тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал дүгнэлтийг холбогдох байнгын хороодоос оруулж ирснийг гишүүдийн олонх дэмжиж эцэслэв. Ингэхдээ Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд гишүүд тогтож ярилцан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Засгийн газрын гишүүн Л.Гантөмөр нарт УИХ дах МАН-ын гишүүдээс голчлон асуулт тавьж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар “Боловсролын байгууллагын ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгох асуудлыг яагаад хавтайгруулсан, аймгийн сургууль, цэцэрлэгийн багш ажилтнууд тэтгэмжид хамрагдах эсэх, яагаад зарим тэтгэмж олголтыг хойшлуулж 2014 оноос хэрэгжүүлэх болов” гэдгийг сонирхож байлаа. Боловсролын салбарт ажиллагсдад урамшуулал, тэтгэмжийг хавтгайруулан олгох асуудлыг өмнөх парламентын үед хуулийн төслийг анх санаачлагчид оруулж ирснээр батлуулаад байсан юм байна. Тиймээс энэ удаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тэтгэмжийг хоёр үе шаттайгаар олгох хуулийн төсөл санаачилжээ.

Тэтгэмжийг олгохдоо сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн байгууллагын ажилтан гэдэгт аймгийн төвийн сум хамрагдаж байгаа гэдгийг З.Баянсэлэнгэ, Л.Гантөмөр гишүүд хэлсэн. Тодруулбал, 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой хуулийн заалтыг хоёр хувааж, үе шаттайгаар буюу боловсролын сургалтын байгууллагын зарим ажилчдад 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс олгох, мөн багш, захирал, эрхлэгч, орлогч захирал зэрэг албан тушаалд ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход улсын төсвөөс өмчийн хэлбэрийг үл харгалзан 1 удаагийн мөнгөн тэтгэмж олгох заалтаас “өмчийн хэлбэрийг үл харгалзан” гэдэг үгийг хасаж төрийн болон орон нутгийн өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгт ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 1 удаагийн тэтгэмж авдаг болгох, мөн боловсролын туслах ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 1 нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай заалтыг 2014 оны 1 дүгээр сараас дагаж мөрдөхөөр боллоо.

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 59.6 хувийн саналаар төслийг баталлаа. Эл хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд анхны хэлэлцүүлгээр батлах санал гишүүдээс гарсан юм. Хууль батлагдсанаар концессын гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг УИХ-аас батлахгүйгээр шууд Засгийн газар шийддэг байх зарчмын өөрчлөлт орлоо.

Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76.9 хувийн саналаар тогтоолыг мөн баталлаа. Хуралдаанд оролцсон 52 гишүүнээс 42 нь үнэт цаас гаргахыг дэмжсэн юм. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ. Ингэснээр Засгийн газрын хувьд 2012, 2013 онд таван тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах эрхийг аваад байна. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргана.

Засгийн газраас гаргах энэхүү үнэт цаасыг халамж, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй. Урт болон дунд хугацааны бүтээн байгуулалтын ажлыг хийхэд зарцуулна. Гэхдээ эл тогтоолын төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж санхүү эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй үед Засгийн газар их хэмжээний үнэт цаас гаргах нь эрсдэл дагуулж болзошгүй. Хяналтыг яаж тавих вэ гэдэг тодорхойгүй нь луйвар хийх боломж олгох вий гэж шүүмжиллээ. Харин УИХ-ын даргын зүгээс энэ бүхэнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавиад явах ёстой шүү гэдгийг санууллаа.

Ийнхүү чуулган оройн 19 цаг хүртэл үргэлжилсний эцэст хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудлыг маргааш буюу 2012 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар үргэлжүүлэн хэлэлцэхээр болж хуралдааныг өндөрлөлөө. Гэхдээ баасан гаригийн хуралдаан УИХ-ын гишүүн Г.Уянга Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонссоноор эхлэнэ гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн.

Б.Алтантуул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ