Ц.Наранбат: Энэ ном бол Монголын бизнесийн сэтгэлгээний түүхэн толь болно

img

 "X номын сан" клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат "Монголын ухаалаг захирлууд" хэмээх ном гаргажээ. Түүний энэхүү ном нь амжилт, алдар хүндийн замнал өөд өсгөж яваа хэн бүхэнд туслах зорилготой юм. Ингээд түүнтэй номынх нь талаар ярилцлаа. - Таны "Монголын ухаалаг захирлууд" хэмээх нэгэн ном мэндлээд удаагүй байна. Яагаад энэ номыг гаргах болсон бэ? -Бяцхан оршил ярих хэрэгтэй гэж үзэж байна. Энэхүү номыг бичихээс өмнө би 2007 онд “Хэрхэн CEO болох вэ” нэртэй номыг орчуулж, гаргаж байсан. Тэр номыг залуус маш их сонирхож, олон ч тоогоор зарагдсан. Үүнээс үүдэн номын бизнес уруу оръё гэсэн бодол төрсөн дөө. Үүнтэй зэрэгцээд одоогийн ихэнх залуус захирал болох хүсэлтэй байдаг юм байна. Тэгвэл Монголд салбар болгонд тэргүүлэх компаниуд бий тэдгээр компанийг удирдаад явж байгаа захирлууд нь салбараа юу гэж дүгнэдэг юм бол, салбарынхаа ирээдүйг хэрхэн харж байгаа бол, тэгээд энэ салбарт нь амжилт гаргахыг хүсэж байгаа, CEO болно гэсэн амбийцтай залууст юу гэж зөвлөх зэрэг нь хүмүүст сонирхолтой байна даа гэсний үндсэн дээр 2009 онд “CEO 17 салбар, 17 хүсэл тэмүүлэл, 17 үзэл бодол” гэдэг нэртэй ном гаргасан. “CEO 17” ном гараад нэг жил болсны дараа найзууд маань "чи энэ номоо ганц удаа гаргаад орхиж болохгүй. Бизнесийн салбар маш хурдтай өөрчлөгдөж байна. Тиймээс чи хэд хэдэн дугаар гаргаач" гэсэн. Үүний үндсэн дээр "Монголын ухаалаг захирлууд" номыг гаргаад байна. Тэгээд энэ номоо бүтээх хугацаандаа ер нь нэг номыг ганц, хоёр дугаар гаргаад орхиж байснаас гурав гурван жилийн үечлэлтэй гаргая гэж бодсон. Энэ бол Монголын бизнесийн сэтгэлгээний түүх, магадгүй зарим хүн бизнесийн нэвтэрхий толь гэдэг утгаар нь үнэлэх байх гэж бодож байна.  -Номын нэрийн тухайд? -Ер нь Монголын бизнесийн сэтгэлгээний түүх гэж байгаа юм чинь CEO гэсэн гадаад нэртэй байхаар Монгол нэртэй байх нь зүгээр гэж бодоод  CEO 17 гэдэг нэрийг “Монголын ухаалаг захирлууд” гэдэг нэрээр өөрчилж гаргасан. Үүнээс хойш ийм нэртэйгээр цуврал номоо гаргах санаа байна.  -Таны номд ямар салбарын хэн хэн гэдэг удирдагчид багтаж, залууст зөвлөсөн бэ? - Төрийн бус байгууллагуудаас Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл, Банкны салбараас  "Худалдаа хөгжлийн банк"-ны захирал Б.Мэдрээ, хэвлэл мэдээллийн салбараас МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь, барилгын салбараас БҮТИ ХХК Г.Батжаргал гээд дандаа салбартаа тэргүүлэх шатанд яваа хүмүүсийн төлөөлөл багтсан.  Тэд салбарынхаа тухай үзэл бодол, хүсэл тэмүүллээ хуваалцсан байгаа.  -Та түрүүн хэлсэн залуус бүгдээрээ компанийн захирал болохыг боддог болсон гэж байсан. Ажилчин анги байхгүй боллоо. Бүгд л дээд боловсрол уруу хошуурч байна гэдэг. Таны бодлоор энэ зөв үү? -Хүн болгон захирал болох амбийцтай байх юм бол маш сайн. Гэхдээ амбийцтай байлаа гээд хүссэн болгон захирал болохгүй. Хүссэн зорилгодоо хүрэхийн тулд байнга хичээж, өөрийгөө хөгжүүлж, бусдадаа үлгэр дууриал болж чадсан залуус л захирал болно, харин бусад нь албаны дарга, менежер гэх мэт бусад албан тушаал дээр ажиллах нь тодорхой. Дээд боловсролтой хүнийг худалдагч, үйлчлэгчээр авдаг компаниуд бий. Энэ бол ахисан төвшний компаниуд шүү дээ. - Танай клубээс орчуулан гаргадагтай ижил төрлийн ном манайд олон байдаг. Таны номын онцлог, давуу тал гэвэл? -Хувь хүний хөгжил чиглэлийн ийм номууд хүнд маш их хүрдэг. Энэ төрлийн ном бичдэг, орчуулдаг хүмүүс олон болсон. Юугаараа ялгарч байна вэ гэвэл өмнө хэлсэнчлэн бизнесийн сэтгэлгээний түүх, нөгөө талаасаа гурван өдрийн дотор хэрхэн баян болох вэ, хэрхэн хөөрхөн болох вэ гэдэг зөвлөгөө өгөхөөсөө илүүтэйгээр чи үнэхээр сонирхож байгаа салбартаа амжилт гаргана гэсэн амбийцтай юм бол тухайн салбарын тэргүүлэгч компанийн захирал нь юу гэж бодож байгаа юм бэ гэдгийг эхлээд уншаад ойлгочих хэрэгтэй. Үүнийхээ дараа энэ салбарын онцлогууд нь юу байна. Салбартаа тэргүүлэгч компанийн захирал нь аль шатнаас өөрийн ажлын гараагаа эхэлсэн юм.  Бизнесмен хүн бүрийн хамгийн чухал ажил болох хэлэлцээр хийхэд юуг анхаарах ёстой, хийсэн хэлэлцээрүүд дотроос чинь хамгийн дурсамжтай болон алдаа гаргасан хэлэлцээр чинь аль вэ гэх мэт асуултуудыг багтаасан. Мөн тэдэнд "БИ ХЭН БЭ" гэсэн асуултыг тавьж, хувь хүн болоод сэтгэлгээнийхээ хувьд би хэн юм бэ гэдгийг нь харуулахыг хичээсэн. Эдгээрийг л Монголын ухаалаг захирлууд номын онцлог давуу тал гэж ойлгож болно -Таны дараагийн ном хэзээ гарах вэ? -"Х номын сан клуб" маань 2007 онд байгуулагдсан. Түүнээс хойш нийт 10 гаруй ном орчуулж, хэвлүүлжээ. Одоо Макавилийгийн Принц хэмээх номыг орчуулж байна. Энэ маань бараг дуусах шатандаа орсон. Сарын дараа хэвлэлтэд өгөх байх. Мөн "Хийж бүтээцгээе" нэртэй сайхан номыг орчуулж байгаа. Энэ мэт төлөвлөсөн ажил олон бий. Түүнчлэн "Монголын ухаалаг захирлууд" номынхоо 3 дахь ботийг 2015 онд гаргана гэж бодож байна.  -Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ? -Миний мэргэжил номоос их хөндий. Хэрэглээний математикч, бизнесийн удирдагч мэргэжилтэй. -Таны цаашдын ажилд амжилт хүсье. -Баярлалаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ