
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ба Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны санамж бичгийг БОНХ-ийн сайд С.Оюун, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар БОНХЯ-ны Хаан танхимд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулна.
Тус санамж бичиг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хооронд 2009 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчилж байгаа бөгөөд ногоон хөгжлийн бодлого, ногоон эдийн засгийг дэмжихэд түлхүү анхаарсан заалтууд орсноороо хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргаж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Шинэчлэлийн Засгийн газар Монгол улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагыг “ногоон” хөгжлийн үзэл баримтлал, зарчимд шилжүүлэх, байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны бодлогыг шинэчлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд дараах бодлогын шинэлэг зорилгот ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Үүнд: Экосистемийн үнэлгээ, экосистемийн үйлчилгээний төлбөрийг нэвтрүүлэх, Ногоон татвар, төсвийн шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулж хэрэгжүүлэх, Байгаль орчны хөрөнгө оруулахыг дэмжих, Цэвэр үйлдвэрлэл ба ногоон хэрэглээний зарчмуудыг нэвтрүүлэх, Ногоон худалдан авалтын тогтолцоог бий болгож хөгжүүлэхэд төрийн ба хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог хангах зэрэг тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах болно.
Байгальд ээлтэй технологи, ногоон бүтээгдэхүүн, эрчим хүчний хэмнэлттэй цэвэр үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих, цэвэр үйлдвэрлэлийн аргачлал, стандарт, тэргүүн туршлага, шинэ технологийг нэвтрүүлэх, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ба Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааг чиглүүлэн ажиллах болно.
Хоёр байгууллага нь цаашдын хамтын ажиллагаандаа бодлогын шийдвэр болон бусад холбогдох мэдээллийг олон нийт, ялангуяа бизнес эрхлэгчдэд цаг алдалгүй түгээх, тэдний саналыг авах асуудалд онцгой анхаарч, жил бүр “Green paper” гаргаж байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр тухайн онд хийсэн ажлуудыг гадаадад болон дотоодод олон нийтэд мэдээлж байхаар онцгойлон тусгасан болно.
Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ