
Монгол, Унгарын ГХЯ-дын ээлжит зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-25-нд Будапешт хотноо болж, Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Унгарын ГХЯ-ны Орлогч Төрийн нарийн бичгийн дарга Такач Саболч нар болон хоёр талын албаны бусад хүмүүс оролцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн байдлын талаар харилцан мэдээлж, Монгол, Унгарын харилцааны өнөөгийн байдалд дүгнэлт хийн, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар болон бусад асуудлаар санал солилцов.
Унгар Улс нээлттэй гадаад бодлогынхоо хүрээнд Ази, Дорно дахины улс орнууд руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж эхэлснээ танилцуулж, энэ хүрээнд Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулах талаар санал нэгтэй байгаагаа тэмдэглэсэн бөгөөд Унгарын ГХЯ-наас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараа Монгол Улсад ирэх онд айлчлуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Эдгээр айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой болохыг монголын тал тэмдэглэв.
Унгар Улс Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улсад үзүүлдэг тусламжаа үргэлжлүүлэх, уламжлалт хамтын ажиллагааны салбар болох ХАА, геологийн хайгууль, усны аж ахуйгаас гадна хот байгуулалт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, бохир усны цэвэрлэх байгууламж, банкны шинэчлэл, хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүч, ЖДҮ хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Дорноговийн аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалтад оролцох, хоёр талдаа харилцан хөрөнгө оруулалт хийх, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улс дээрх салбаруудад хамтран ажиллах боломжтойг тэмдэглээд, холбогдох мэргэжлийн байгууллагууд ЗГХХК-ын ээлжит хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд асуудлыг нягтлан авч үзэхийг Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан санал болгов. Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2013 оны эхний хагаст Будапешт хотноо хийх бэлтгэлийг эртнээс ханган ажиллахын чухлыг зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцлаа. Мөн уулзалтаар Монгол, Унгар улс НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хамтран, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа мэдэгдэв хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ