Доктор Ш.Бира нийслэлийн хүндэт иргэн боллоо

img

НИТХ-ын тэргүүлэгчдээс тогтоол гаргаж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, олон улсын Монгол судлалын холбооны хүндэт ерөнхийлөгч, доктор, профессор Ш.Бираг “Нийслэлийн хүндэт иргэн”-ээр өргөмжлөв. Мөн нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг нийслэлийн хамгийн том шагнал болох “Хангарьд” одонгоор шагналаа. П.И.Шастины нэрэмжит төв эмнэлгийн дарга, Мэдрэлийн мэс заслын ахмад эмч, Хүний гавьяат эмч, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, Төрийн соёрхолт, клиникийн профессор Б.Батчулуун, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, МҮОНР-ийн редактор Ч.Буянхишиг, Шүд эрүү нүүрний эмнэг судлалын төвийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн, ахмад ажилтан Д.Чүлтэм нарыг “Хангарьд” одонгоор шагнасан юм. НИТХ-ын дарга Д.Баттулга, “Жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн төрсөн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан нийслэл хотын төлөө ажил хөдөлмөрөө зориулсан, Монголын нэрийг дэлхийд дуурсгаж явсан, Монгол Улсын шинжлэх ухаан, спорт, эрүүл мэндийн салбарт өндөр гавьяа байгуулсан хүмүүст баяр хүргэж, нийслэлийн хамгийн том шагналыг гардууллаа. Ш.Бира гуай өнөөдөр нийслэлийн хүндэт иргэн боллоо. Нийслэлийн хүндэт иргэн гэдэг бол маш өндөр цол юм. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв. Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С. Батцэцэг "Хангарьд одонгоор шагнуулсандаа сэтгэл дүүрэн байна. Төр засаг маань спортыг ойлгож дэмжин, тамирчид бидэнд маш их урам хайрласанд баяртай байна" гэв. Монцамэ агентлаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ