
ӨАБНУ-ын Иоханнесбург хотноо ирэх жилийн Африкийн Үндэстнүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтыг хийх шигшээ багуудыг тодрууллаа.
2013 оны Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг ӨАБНУ зохион байгуулж байгаа ба энэ утгаараа сугалаагаар нэр нь тодорсон Капе Вердегийн шигшээтэй тэмцээний нээлтийн тоглолтыг хийх боллоо. Сугалааг ӨАБНУ-ын ерөнхийлөгч Якоб Зума сугалсан юм.
Африкийн аварга ирэх оны нэгдүгээр сарын 19-нд эхэлнэ. Хар тивийн 16 улсын шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн бичиж буйгаар бол өнгөрсөн жилээс эхлэн Африк тивийн хөлбөмбөгийн шинэ эрин үе эхэлсэн гэх бөгөөд 2012 оны аваргаар Замби улсын шигшээ баг хүчирхэг Зааны Ясан эргийг хожиж түрүүлсэн явдлаар жишээ татдаг юм.
Дэлхийн аваргад тивээ төлөөлөн оролцдог улсууд өнгөрсөн жил тивийнхээ тэмцээнд бусад хүчтэй өрсөлдөгчдөдөө хожигдсон ба энэ нь тус тивийн хөлбөмбөгийн хөгжил өрсөлдөөнтэй бөгөөд хүчтэй хөгжиж буйн илрэл аж.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ