Премьер лигийн есдүгээр тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр боллоо. Астон Вилла – Норвич клубууд 1:1-ээр, Ридинг – Фулхэм 3:3-аар, Сандерлэнд – Сток Сити 0:0-ээр тус тус тэнцсэн бол, Арсеналын их буучид Куинс парк рейнжерсийг 1:0-ээр, Уиган Уэстхэмийг 2:1-ээр тус тус хожоод байна.
Манчестер Сити клубын тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг багагүй татаж байлаа.
Учир нь өнгөрсөн улирлын аваргууд лигийн хүснэгтэд гуравдугаар байрт жагсаж байгаа бөгөөд есдүгээр тойргийн учраа Суонсиг хожвол МанЮ-г ухрааж хоёрдугаарт жагсах байлаа.

Роберто Манчинигийн залуус энэ үүргийг биелүүлж чадсан юм.
Тоглолтын 61 дэх минутад Ман Ситигийн довтлогч Карлос Тевез 30 ярдын газраас цохиж гоолдсоноор 1:0-ийн харьцаагаар аваргууд хүснэгтэд 21 оноотой хоёрт бичигдээд байна.

Өнөөдөр Премьер лигийн энэ улирал эхэлснээс хойшхи хамгийн сонирхолтой тулаануудын нэг байж болох нэгэн тоглолт болно. Манчестер Юнайтед, Челси клубууд өнөө орой тулна.
Челси хожвол 25 оноотой болж тэргүүллээ хадгалах ба улмаар Ман Ситигээс 4 оноогоор тасарна.
Харин аравдугаар сард Аваргуудын лиг болон Премьер лигтээ нэг ч хожигдолгүй яваа Сэр Алекс Фергусоны цэргүүд хожил авбал 21 оноотой болж Ман Ситиг ухраан тэргүүллийн төлөөх өрсөлдөөнд үлдэх юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ