Орхон голыг сүйтгэсэн 35 албан тушаалтныг шүүнэ
Улсын мөрдөн байцаах газраас Орхон голыг бохирдуулсан хэрэгт “Монгол газар”, "Алтан дорнод Монгол" компанийн захирлууд болох Ц.Мянганбаяр, Ж.Бямбаа нарт өнгөрөгч 2011 оны наймдугаар сарын 24-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Тэгвэл эл хэрэгт дээрх хоёр компанийн захирлуудаас гадна эрх бүхий 35 албан тушаалтныг нэмж шалгаж, яллагдагчаар татжээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 208.2 буюу Усны тухай хууль зөрчсөн, 214.3 буюу хууль бусаар ашигт малтмал олборлосон, нөхөн сэргээлт хийгээгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хавтаст хэргийг нь шүүх рүү шилжүүлэх юм байна.
Сануулахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон голын сав орчмын 15 км радиус бүхий газарт шалгалт хийхэд, Орхон голын уснаас дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид шинжлүүлэхэд хүнд металлын элементүүд ихээр илэрснээс гадна усны өнгө хувирч, их хэмжээний бохирдолтой болсон байсан аж.
Мөн тус газарт дээрх хоёр компани нөхөн сэргээлт хийгээгүй, Усны тухай хууль зөрчсөн, хууль бусаар ашигт малтмал олборлож байсан нь тогтоогдсон юм.Түүнчлэн МХЕГ-аас дээрх ХХК-иудын эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд улсын байцаагчийн тогтоосон акт, шаардлагыг эсэргүүцэн, хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг тухайн газарт үйл ажиллагаа явуулахыг зогсоохоор болж, шаардлага хүргүүлж байв.
Түүнээс гадна шалгалтын явцад "Алтан дорнод Монгол”, “Монгол газар” ХХК-иуд нөхөн сэргээлт хийсэн талбайд аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, 100 сая хүртэлх төгрөгийн төлбөр авч, эфель угааж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Мөн ус ашиглалтын гэрээ байгуулаагүй, Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зураг төсөлгүй, төлөвлөгөөгүй, орд ашиглах техник эдийн засгийн үндэслэл байхгүй , 2011 оны 5,6 дугаар сард аймгаас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахтай холбогдуулан тогтоосон улсын байцаагчийн актуудыг хэрэгжүүлээгүй, лацыг дур мэдэн хөндсөн зэрэг 10 гаруй хуулийг зөрчсөн аж.
Тэгэхээр Орхон голыг бохирдуулсан компанийн эздийг тун удахгүй шүүхээр гэм бурууг нь хэлэлцэхээр болж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ