
Өнгөрсөн долоо хоногт олон улсын амьдралд ямар үйл явдал онцлогдон олны анхаарлыг татсан тухай тоймлон өгүүлье. Манай гаригийн хүчирхэг гүрэн болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль зүй ёсоор олон улсын анхаарлын төвд буй. Тиймээс өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгчийн сонгууль болон нэр дэвшигчдийн рейтингд онцгой нөлөө үзүүлэх халз мэтгэлцээний сүүлчийнх гэдэг утгаараа их гүрний гадаад бодлогын талаархи нэр дэвшигчдийн мэтгэлцээн дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.
Өмнөх хоёр мэтгэлцээнд үзүүлсэн амжилтаараа Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нийт сонгогчдын ялимгүй олонхийн дэмжлэгийг хүлээгээд байгаа талаар судалгааны байгууллагууд мэдээлж буй.
Тэгвэл гадаад бодлогын тал дээр Митт Ромни хятадын эдийн засгийн бодлогын эсрэг хатуу арга хэмжээ авч, ОХУ-тай харилцах харилцаагаа хэт аяыг харсан бус байлгах талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Харин Ардчилсан намаас нэр дэвшигч, ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд өмнөх жилүүдэд явуулсан гадаад бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ америкийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж терроризмын эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн.
Үүнийг ажиглагчдын зүгээс дүгнэлт өгөхдөө Митт Ромни ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Америкийн гадаад бодлого эрс өөрчлөгдөх магадлалтай, харин Обама улирвал одоогийн Цагаан ордны бодлого бараг өөрчлөгдөхгүй талаар өгүүлжээ.
Түүнчлэн Барак Обамагийн хувьд санхүү эдийн засгийн салбарт Митт Ромнид хүчтэй довтлуулж сул талаа харуулж байсан ч олон улсын харилцаанд өрсөлдөгчөөсөө илүү туршлагатай бөгөөд мэдлэгтэй гэдгээ харуулсан юм.
Ийнхүү Цагаан ордны ирэх дөрвөн жилийн эзнийг сонгох мөч ойртсоор байна. Халз мэтгэлцээнүүд өндөрлөсөний дараа хоёр нэр дэвшигчийн рейтинг маш бага буюу нэгхэн хувийн зөрүүтэй болж ойртсон хэмээн мэргэжилтнүүд уламжилжээ.
Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглагчдын зүгээс Жорж Буш болон Альберт Гор нарын өрсөлдөөн энэ удаа дахин давтагдах магадлалтай гэж үзжээ. Энэ нь 2000 оны сонгуулийн үр дүн давтагдаж болзошгүй талаархи таамаглал юм.
2000 онд Ардчилсан намаас нэр дэвшигч Эл Гор нийт сонгогчдын 48.4 хувийн саналыг авснаар өрсөлдөгч Бүгд Найрамдах намын Жорж Бушийн авсан 47.9 хувийн саналаас илүү гарсан хэдий ч сонгогчдын төлөөлөгчдийн саналд өрсөлдөгчөөсөө бага хувь авч ялагдсан түүхтэй.
Жорж Буш сонгогчдын төлөөлөгчдийн 271 санал авч өрсөлдөгчөөсөө 5 саналын илүүгээр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм.

Хэрэвзээ өсөн нэмэгдсээр буй ажилгүйдэл, санхүү эдийн засгийн тогтворгүй байдалд санаа зовнисон америкчууд Митт Ромнид илүүтэй санал өгсөн ч Барак Обамагийн хувьд төлөөлөгчдийн саналыг давуу авах магадлал өндөртэй байна. Тиймээс нийт сонгогчдын саналыг Митт Ромни түлхүү авч чадсан ч Барак Обамад ялагдах магадлал өндөр байна гэсэн үг.
Ийм хувилбар биеллээ олбол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах тогтолцоог өөрчлөх асуудал хүчтэй тавигдах болно хэмээн ажиглагчид дүгнэжээ.
Сүүлийн үед нэр дэвшигчид өөрсдийнх нь хувь заяаг шийдэх мужуудаар тодроод буй Хойд Каролина, Висконсин, Охайо мужуудад сонгуулийн сурталчилгаанд сая сая долларын цацаж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд хамгийн өндөр сурталчилгаанд мөнгө гаргаж буй нэр дэвшигчдээр Барак Обама, Митт Ромни нар 1 тэрбум доллар “цацсанаар” тодроод буй. Мөн нийт сонгогчдын, төлөөлөгчдийн санал хамгийн бага зөрүүгээр ялагч тодрох сонгууль ч хэмээгдэж байна.
Дашрамд дурдахад сонгогчдын төлөөлөгчдийн санал шийдвэрлэх хэдэн мужид бүгд Митт Ромнигийн талд эргэхгүй л бол Обама ирэх дөрвөн жилд Цагаан ордны эзнээр улиран сонгогдох магадлалтай гэнэ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ