Тамхичдыг хумисан, хүүхдүүдийг тэтгэсэн өдрүүд
Өнгөрөгч долоо хоног чуулганы гацаа арилж, улс төрийн намууд зөвшилцөн хэлэлцэх асуудлаа шуурхайлсан өдрүүд болж өнгөрлөө. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой нүүрсний үнийг хямдруулах асуудлыг засаг төр анхааралдаа авсан бол чуулганаар тамхичдын орон зайг хумих хууль ч батлагдсан юм. “Шууд.эм эн” цахим сонин өнгөрөгч долоо хоногийн улс төрийн мэдээллийг тоймлон хүргэж байна.
Есүгэн охиныг дурсах өдөртэй болно
Барилгын салбарт бугшсан булхай, буруу бүхнийг илчлэн, засч залруулах цаг нь болсныг сануулан 12 настай Б.Эсүгэн охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Түүний аав Б.Батсайханыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.
Барилгын бетон зуурмаг шахагчинд цохиулж амь үрэгдсэн Б.Есүгэн охины аав Б.Батсайхантай Ерөнхийлөгчөөс гадна Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцсон юм.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч талийгаач охины ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд барилгын салбарын асуудалд Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам шийдвэртэй арга хэмжээ авахыг сануулсан.Ерөнхийлөгч ашгийн төлөө, албан тушаалын төлөө улайрсан ёрын бодлогын үр дүнд ард түмэн амь насаа төлөөс болгосон энэ байдлыг зогсоох, өөрчлөх ёстойг хэлж, осол гаргасан аж ахуйн нэгж болон газар олгосон этгээдүүд ч хариуцлага хүлээх учиртайг онцолсон.
Ингээд Барилгын хуулийг Есүгэний хууль гэж өөрчлөх юм уу, эсвэл түүнд Есүгэнтэй холбоотой заалт оруулах хэрэгтэй гэсэн юм. Охины амь насаа алдсан есдүгээр сарын 3-ныг Есүгэний дурсгалын өдөр болгож, хүүхдийн эрхийг, хүний амьд явах эрхийг хүндэтгэх, барилгын осол зөрчлийг шүүн ярилцдаг өдөр болгохоор тогтлоо.
Тамхичдын орон зайг хумина
МАН-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч гацаанд орсон УИХ, намуудын зөвшилцлийн үр дүнд өнгөрөгч пүрэв, баасан гарагт хуралдсан юм.
Гэхдээ гишүүд товлосон цагтаа “элэг бүтэн” хуралдаа суугаагүй ч чуулганаар 2013 оны гуравдугаар сарын 1-нээс тамхичид, тамхины худалдаанд тавих хяналтыг эрс чангаруулах хуулийг баталсан нь тамхичдын орон зайг эрс хумих боломж бүрдлээ.
Өөрөөр хэлбэл, Тамхины хяналтын тухай хуулиар ресторан, бар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг, зочид буудалд болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглоод байна. Түүнчлэн 21 нас хүрээгүй хүн тамхи худалдах, худалдан авахгүй байхыг ч хуульд тусгасан юм.
Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжихээр тогтлоо.
Багш нар тэтгэмж хүртэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэсэн нэг чухал асуудал бол боловсролын салбарын ажилтнуудад тэтгэмж олгох хуулийг баталсан явдал байв.
Боловсролын салбарт ажиллаж байгаа туслах ажилчинд тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийн хугацааг хойшлуулж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэх, багш нар тэтгэвэртээ гарахад авах нэг удаагийн тэтгэмжийг 2013 оны нэгдүгээр сараас эхлэн олгохоор болсон юм.
Харин сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгав.
Мөн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшид 5 жил тутамд 1 удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох асуудлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ.
Хүүхдийн мөнгө олгодог боллоо
Шинэчлэлийн Засгийн газар хавтгайрсан халамжийг халж Хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд Хүүхдийн мөнгө авах 987 мянган иргэн байна. Эдгээр хүүхдүүддээ энэ сарын 22-ны өдрөөс 20 мянган төгрөгийг нь олгож эхэлсэн юм.
2012 оны аравдугаар сарын 12-ны байдлаар 851 мянган хүүхдийн материал арилжааны 13 банкинд ирсэн бөгөөд 744 мянган хүүхдийн нэрийн данс баталгаажиж мөнгө нь өнгөрсөн баасан гаригт дансанд нь орсон гэсэн мэдээллийг салбарын сайд нь өгсөн.
Харин энэ сарын 12-ноос хойш банкинд мэдүүлгээ өгсөн хүүхдүүдийн нэрийн данс ирэх 11 дүгээр сард нээгдэх бөгөөд аравдугаар сарын мөнгийг нөхөж олгоно. Ингэснээр хүүхдэд нэрийн данс нээгдэж, мөнгө авах эрх үүсэх юм.
Хүүхдийн мөнгийг иргэдэд чирэгдэлгүй олгох зорилгоор иргэд харъяа хороо, дүүргээсээ лавлагаа авдаг байсныг болиулсан байна.Цахим үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг өөрийн сонгосон банкиндаа авч очоод мэдүүлэг бөглөхөд л хангалттай. Өмнө нь заасан банкинд, тогтсон хугацаанд очдог байснаас очер дугаар үүсдэг байсан. Энэ байдлыг мөн болиулсан. Иргэд сонгосон банкнаасаа хүүхдийнхээ мөнгийг авахаас гадна нэрийн дансанд орсон мөнгийг буцааж татахгүй гэдгийг С.Эрдэнэ сайд онцолсон.
Хямд үнээр нүүрс авч болно
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ цагт гэр хороолын иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг өвлийн түлшээ бэлтгэх. Тэгвэл Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээ авч эхэлсэн нь чихэнд чимэгтэй мэдээ байв.
Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ дунджаар 225 мянган төгрөг, жижиглэнгийн худалдаанд 6-7 кг-ийн багтаамжтай жижиг тор нүүрс 1500-2000 төгрөгт хүрээд байна.
Тэгвэл энэ ажлын үр дүнд 40 кг-аар савласан жижиглэнгийн нүүрсийг 3200 төгрөгөөр буюу 1 тн-ыг нь 80 мянган төгрөгөөр нийслэлийн айл өрхүүд авах юм. Ийм эрс хямдралтай үнээр ирэх арваннэгдүгээр сарын 7-ноос 2013 оны тавдугаар сарын 7 хүртэл зургаан сарын хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 126000 өрх бүр 2,6 тонн нүүрс авах боломж бүрдэнэ.
Үр дүнд нь айл өрхүүд нүүрснийхээ зардлаас 320 мянган төгрөг хэмнэх бөгөөд нийслэлийн хэмжээнд энэ нь 40 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгоно гэдгийг албанынхан дуулгасан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ