Хэнтийн залуу арслан үндэсний бөхийн залуучуудын аварга болов

img

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан хотод Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин, самбо бөхийн дэлхийн аварга Гандолгорын Батсүхийн нэрэмжит 2012 оны үндэсний бөхийн залуучуудын аварга шалгаруулах барилдаан болж өнгөрлөө. Хот хөдөөгийн 117 залуу Дарханы дэвжээнд бяр чадал, уран мэхээ уралдуулан дүнгээ гаргав. 117 бөх зургаан бүсэд хуваагдаж, эхний гурваар шалгарсан хүчтэнүүд ням гарагт хүч үзсэн. Тэдгээр 18 бөх тойргоор барилдаж дараах байрыг эзэлжээ. Хэнтий аймгийн арслан Энхтөгсийн Оюунболд унаагүй түрүүлж, чөлөөт бөхийн ОУХМ, Ази тивийн аварга шалгаруулах барилдааны хүрэл медальт Доржхандын Хүдэрбулга 15 даваатай (Э.Оюунболд, Ш.Пүрэвгарьд нарт унасан) хоёрдугаар байрт, үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах барилдааны хошой шагналт Шархүүгийн Пүрэвгарьд (Э.Оюунболд, Б.Бат-Өлзий, Х.Оргилболдод унасан) гуравдугаар байрт тус тус шалгарч медалийн тавцанд зогслоо. 1. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Энхтөгсийн Оюунболд 2. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат аймгийн харцага Доржхандын Хүдэрбулга 3. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Шархүүгийн Пүрэвгарьд 4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат сумын заан Хутагийн Цогтгэрэл 5. Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Хүрэлбаатарын Оргилболд 6. Ховд аймгийн харьяат Шонхор дээд сургуулийн оюутан Б.Бат-Өлзий 7. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат аймгийн начин Нурланы Мустафа 8. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат аймгийн начин Доржийн Анар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ