Нийслэлийн Ардчилсан намын удирдах ажилтнууд зөвлөлдөв
Нийслэлийн Ардчилсан намын удирдах ажилтаны зөвлөгөөн өнгөрсөн бямба гаригт Төрийн ордонд боллоо. Уг зөвлөгөөнд дүүргүүдийн анхан шатны төлөөлөл, ИТХ-д өрсөлдөхөөр мандатаа авсан гишүүдээс гадна АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн АН-ын дарга, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, НАН-ын дэд дарга Ц.Энхцэнгэл нарын 1000 гаруй хүн оролцлоо. Э.Бат-Үүл дарга зөвлөгөөнийг нээж үг хэлсэн. Тэрээр "Бид Нийслэлийн АН-аас боловсруулан ард түмэндээ санал болгосон Нийслэлийг хөгжүүлэх 5А мөрийн хөтөлбөрөө ярьсан. Бид хэзээ ч худлаа ярих ёсгүй. Итгэл үнэмшлээ хэдийнэ алдсан хүмүүс эхэндээ бидэнд итгээгүй ч ажлаа хийгээд үз гэж итгэсэн. Энэ бүхэн үр дүнгээ өгч байна. Ажлаа аваад эхэлсэн зүйлсээс үр дүнгээ өгч байгаа олон зүйл байна” хэмээгээд замын бөглөрөлийн эсрэг хийж хэрэгжүүлж байгаа ажил, нийслэлд бугшаад байсан авлига гэгч мананг арилгах тэмцэл, мөрөөдөл мэт санагдаж байсан метро, 2040 онд олимп зохион байгуулах тухай “үлгэр” бодит үнэн гэдгийг ард түмэндээ ойлгуулж олон үр дүнтэй ажил хийж байгаа тухайгаа дуулгалаа. Хотын даргын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас өнөөдөр ч гэсэн үр дүнгээ өгч эхлэсэн олон ажил байсныг онцлох нь зүйтэй. Тухайлбал, төмөр замаа түшиглэн нэг худалдааны төвөөс нөгөө худалдааны төв хүртэл галт тэрэг явуулах ажил эхлэлээ тавьсан, нийслэлийн төсөв хөрөнгийг иргэдэд ил тод байлгах, Засаг даргын болон удирдах албан тушаалтнуудын гаргасан захирамж, тушаал шийдвэр гурав хоногийн дотор цахим сайтад байрлах, хугацаандаа зарлагдаагүй тохиолдолд хүчингүй болох, иргэдээс ирсэн санал, хүсэлт захидлыг иргэн өөрөө биш төрд ажиллаж иргэнд үйлчилэхээр ирсэн төрийн ажилтан холбогдох албан тушаалтанд хүргэж байх зэрэг хийж эхэлсэн ажлууд нь иргэдийн хүсч хүлээж байсан ажил байсан гэдэг нь тодорхой байжээ. Хотын дарга замын хөдөлгөөнд дугаараар хязгаарлаж оруулах шийдвэр гаргаад нэлээдгүй хугацаа үдсэн. Саяхан энэ шийдвэрийг цааш нь үргэжлүүлэх эсэхээр ард түмний хүсэлтийг сонсоход саналаа ирүүлсэн иргэдийн 87 хувь нь дэмжиж, 13 хувь нь эсэргүүцсэн байна. Э.Бат-Үүл дарга “Ямар ч төгс шийдвэрийг 20 хувь эсэргүүцсэн байдаг. Гэтэл тэр 20 хувиасаа долоон хувиар доогуур эсэргүүцэж байгаа нь үнэхээр төгс шийдвэр болсон гэдгийг харуулсан. Гэхдээ бид энэ ажлаа ингээд хаяхгүй. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа авто машины хэрэглээг багасгахын тулд автобус, нийтийн тээврийн үйлчилгээг VIP болгож, нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээр зорчигсод хажууд бөглөрч хувийн унаатай нөхцлийг бүрдүүлнэ” гэсэн юм. Хотод цаашлаад улс оронд хийгдэж байгаа ажлыг Хотын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар танилцуулсан бол харин хууль тогтоох байгууллага буюу УИХ-д АН-ынхан хэрхэн ажиллаж, ямар амжилт гаргаж байгааг Д.Эрдэнэбат гишүүн удирдах ажилтнуудад танилцуулж, бүх зүйл хуулийн дагуу, чин үнэнчээр явагддаг гэдгийг шат шатандаа хэрэгжүүлж ажиллахыг санууллаа. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ