Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд хүндэтгэлтэй хандана
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар 2013 оны Монгол Улсын төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2012, 2013 онд таван тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах болсонтой холбоотой эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бондыг юунд чиглүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байгаа. Үүнтэй холбоотой Эдийн засгийн хөгжлийн сайдын ерөнхий чиг бодлого, ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон. Гадаадын зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бондыг арилжаалж 1800 км төмөр зам барих бүтээн байгуулалтын ажлыг хийх. Аж үйлдвэрийн паркийг байгуулах ажлыг эхлүүлэх, боловсруулах үйлдвэр, жижиг дунд үйлдвэрт зээл олгох бодлогыг дэмжинэ. Үүнийг арилжааны банкаар чиглэлээр явуулья гэдэгт санал нэгдлээ" гэв.
Улс оронд үүсээд байгаа инфляци, арилжааны банкны зээлийн хүү, валютын өсөллтэй холбоотой асуудлыг 1.5 тэрбум долларын бонд гаргаснаар зохицуулалт хийж. 2013 болно гэж төлөвлөжээ. 2013 оноос эдийн засгийг өсөлтийг жигд хангах, үнийг тогтвортой барих, Засгийн газрын мөрийн хөтөлбөр Монголбанкны мөнгөний бодлогод туссан инфляцыг нэг оронтой тоонд барих, арилжааны банкны хүүг нэг оронтой тоонд оруулахад 1.5 тэрбум ам.доллар бонд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа аж.
Жишээ нь 1800 км байгуулах төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд хэдэн ажлын байр нэмэгдэх үү, хэдэн үйлдвэр нэмэхүү, төсвийн ачааллыг нимгэлэхэд ач холбогдол өгнө гэдэг бодлогыг барих нь.
Тиймээс тус бүлгээс өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн яамд ирэх долоо хоногт 1.5 тэрбум ам.долларын бондыг зарцуулах бодлогын чиглэлээр төсөв тооцооллыг нарийн болгож, АН-ын бүлгийн хуралдаанд дахин оруулахаар ярилцсан байна.
Хоёр дахь асуудал УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Хүндэтгэлтэй хандах ёстой” хэмээн үзжээ.
Эл төсөлд УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох тухай асуудал багтаж буй юм. Энэ чиглэлийн хуулийн төслийг өмнө нь гишүүд өргөн мэдүүлсэн байсан, дээр нь УИХ дахь намын бүлэг завсарлага авахтай холбоотой хуулийн төсөл мөн УИХ-ын төвшинд бий. Тэр бүгдтэй зарчмынхаа хувьд ямар байна вэ гэдгийг нягтлан судлахаар тус бүлгийн гишүүд үзжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлээд буй эл төсөлд Засгийн газрын гишүүн нэг л байнгын хороонд харьяалагддаг байх, ингэхдээ хариуцаж буй салбараасаа өөр байнгын хорооны гишүүн байхаар тусгаад буй юм.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо тус тус хэлэлцдэг байх зэрэг заалт тусгаад байна. Тэгвэл одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн гурав хүртэлх байнгын хороонд харьяалагдаж байгаа юм.
Гурав дахь асуудал нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзсэн байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гурил үйлдвэрлэгчдийг нэгдүгээр зэргийн гурилын үнийг нэг кг-ыг нь 550 төгрөгөөс дээш өсгөхгүй байх гэрээ байгуулснаар энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтворжсон. Махны үнэ буурсан, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэний тоо нэмэгдэж байгаа зэрэг эерэг үр дүн дагуулах болсон. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ардчилсан намын бодлогыг барьж ажиллах нь чухал гэдэгт санал нэгдэж байгаа аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ