
Мэргэжлийн сүмогийн энэ оны отгон тэмцээний банцүкэ өнөөдөр гарч, Монгол Улсын иргэн хоёр аварга зүүн баруун жигүүрийг магнайлан барилдахаар болжээ. 2007 оны долдугаар сараас хойш ёкозүна цолтойгоор барилдан тэр дундаа 2010 оны хоёрдугаар сараас хойш ганцаараа их аваргын нэр хүнд, ачаа дарамтыг үүрч ирсэн Хакүхо одоо ханьтай болсон. Түүний ижил цолд бас л монгол хүн Харүмафүжи Д.Бямбадорж хүрч, аварга цолтойгоор анхны башёдоо хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Монгол сүмочдийн чансааг танилцуулья:
Дээд зиндаа
Зүүний ёкозүна Хакүхо М.Даваажаргал
Барууны ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж
Зүүний озэки-1 Какүрюү М.Ананд
Зүүний маэгашира-6 Кёкүтэнхо Н.Цэвэгням
Зүүний маэгашира-8 Токитэнкү А.Хүчитбаатар
Зүүний маэгашира-9 Шёотэнро Д.Нямсүрэн
Барууны маэгашира-9 Асасэкирюү Б.Дашням
Зүүний маэгашира-16 Тамаваши Б.Мөнх-Оргил
Арваннэгдүгээр сарын 11-25-нд болох Кюүшюү башёод ийнхүү манай найман бөх дээд зиндаанд өрсөлдөх бол жюүрёо зиндаанд Кёкүшюүхо Я.Эрдэнэбаатар барууны 10, Таканойва А.Баасандорж зүүний 12-оос тус тус хүч үзнэ.
Таван озэкигийн дийлэнх нь буюу Котошёогикү, Котоошюү, Барүто нар есдүгээр сарын тэмцээний явцад гэмтэн тэмцээнийг дуусгаагүй тул энэ удаа кадобанаас зодоглоно. Тэд ирэх сарын тэмцээнд 50-аас дээш хувийн ялалт байгуулж чадахгүй тохиолдолд цолоо хураалгах юм. Харин сүмогийн дээд амжилтыг эвдэн хамгийн доод зэрэглэлээс дээд зиндаанд хүрэхэд ердөө есөн тэмцээн (2011 оны тавдугаар сараас) зарцуулсан 24 настай япон залуу Жёокорюү (Такаюүки Сакүма) анх удаагаа макүүчид хүч үзэх гэж байна.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ