Даян аварга Г.Өсөхбаяр: Ч.Санжаадамба, А.Бямбажав нар нэгийн даваанд ч таарч болно

img

Дэлхийн Монголчуудын Үндэсний Бөхийн Холбооны Дэд ерөнхийлөгч Даян аварга Г.Өсөхбаяртай Монгол туургатны үндэсний бөхийн наадмын бэлтгэл ажлын талаар ярилцлаа. -Ирэх ням гаригт Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам болох гэж байна. Наадмын бэлтгэл ажил ямар түвшинд явж байна? -Наадмын бэлтгэл ажил 90 орчим хувьтай явж байгаа. Пүрэв гаригт Монгол туургатны бөхчүүдээ угтан авснаар ерөнхийдөө бэлтгэл ажил жигдэрнэ. -Наадамд оролцох бөхчүүдийг хаана байрлуулах вэ? Хаана бэлтгэл хийлгэх вэ? -Палас зочид буудалд бөхчүүдээ байрлуулна. Харин бэлтгэлийг нь Шонхор биеийн тамирын сургууль дээр базаалгана. Мөн бямба гаригт бөхчүүдийн жинг Шонхор сургууль дээр үзэж, бүртгэж авна. -Монгол туургатны бөхийн наадамд бөхчүүдийн цолыг хамааралгүй сугалаагаар барилдуулдаг. Сугалааны үйл ажиллагааг хэзээ явуулах вэ? -Сугалааг 4-ний өдөр барилдаан эхлэхийн өмнө явуулна. Наадам маань 13:00 цагаас “АСА” циркд эхлэнэ. Даваа болгоны өмнө сугалаа сугалуулж шударга байлгах үүднээс маргаантай барилдааныг давталтаар үзүүлэх юм. -Сугалаа сугалсан бөхчүүд ямар зарчмаар хоорондоо таарах вэ? -Бөхчүүд цагаан толгойн үсгийн дарааллаар сугалаагаа сугалдаг. Өөрөөр хэлбэл нэрсийн жагсаалтанд хэдэд бичигдэхээ тодорхойлно гэсэн үг.  Ерөнхий зарчим нь нэгийг сугалсан бөх хоёрыг сугалсан бөхтэй, гурвыг сугалсан бөх дөрвийг сугалсан бөхтэй гэх мэтчилэн оноолтонд ордог. -Тэгэхээр нэгийн даваанд ч хүнд учраатай таарч болох нь ээ? -Тийм. Жишээлбэл Монгол туургатны бөхийн наадмын гурван удаагийн аварга Ч.Санжаадамба, өнгөрсөн жил Тувад болсон наадмын аварга А.Бямбажавтай нэгийн даваанд ч таарах магадлалтай. -Та ДМҮБХ-ны Дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг. Холбооны зүгээс тавьсан зорилго наадам зохион байгуулж эхэлснээс хойш ямар түвшинд хэрэгжиж байна? -Анхны наадмаар бусад туургатны бөхчүүд маань үндэсний бөхийн дэвээ, шаваа, зодог шуудаг гээд л олон зүйлийг мэддэггүй байлаа. Бид  Монголоос бөхчүүд явуулж сургалт зохион байгуулсан. Үүний үр дүнд нь Монгол туургатнууд үндэсний бөхийн талаар маш сайн мэддэг болсон шүү. Эхний хоёр наадам жингийн ангилалгүй явагдсан. Тэгэхэд бусад туургатны бөхчүүд  амжилт үзүүлэх нь бага байсан. Монгол туургатны бөхчүүдийн маань ихэнх нь чөлөөт, жудо бөхөөр хичээллэдэг хөнгөн жинтэй бөхчүүд байдаг. Тиймээс бид наадмаа хоёр жинтэй болгосон. Тэгэхэд бөхчүүдийн амжилт эрс нэмэгдээд ирсэн. Энэ мэтчилэнгээр Монгол туургатны наадмыг боловсронгуй болгож зорилгодоо хүрэхээр явж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ