
Эрүүл мэндийн байгууллагаас хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй орчинд үзүүлэх нөхцөлийг хангах зорилгоор ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшиж буй газрын тооллого, судалгааг хийх Эрүүл мэндийн сайдын 2012 оны 349 тоот тушаал гарч, дээрх ажлыг энэ сарын 26-аас эхлүүлжээ.
Эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшлийн газрын баталгаажилтыг мөрдөхгүй байгаагаас, барилга барих зөвшөөрөл олгодог, түргэн тусламжийн автомашин нэвтрэх замыг хаасан, авто зогсоол байхгүй зэрэг зөрчил бий болсноос хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй орчин, нөхцөлд үзүүлэх боломж алдагдаж, эмнэлгийн тусламжийг цаг хугацаанд нь үзүүлж чадахгүйд хүрч байна.
Нөхцөл байдал хүнд байгаа тул газрын зөрчил, маргаан болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх саналыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.
Тооллогын нэгдсэн дүнг ирэх сарын 02-ны дотор ЭМЯ авч хэлэлцээд, цаашид зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр тодорхой саналыг уг байнгын хороонд дахин хүргүүлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ