Он гарсаар 100 гаруй сэтгүүлч амь үрэгджээ

img

Энэ он гарсаар дэлхийд 100 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад алагдсан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын томоохон байгууллага болох Олон улсын сэтгүүлчдийн холбоо Германы Нюрнберг хотод энэ тоо баримтыг дэлгэв. 16 сэтгүүлч амь насаа алдсан Бүгд Найрамдах Сомали Улсыг сурвалжлагчдын хувьд хамгийн аюултай газар гэж дурджээ. ОУСХ-ны мэдээлснээр,  мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтны тоо жилээс жилд  нэмэгдэж байна. 2010 онд гэхэд дэлхийд 94 сэтгүүлч алагдсан бол, 2011 онд 106 амь үрэгджээ. “Санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцэлд дэндүү олон сэтгүүлч амь насаа алдаж байна. Энэ бол олон орны Засгийн газар ямар ч арга хэмжээ авалгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнууд хэрхэн хүчирхийллийн золиос болж байгааг зүгээр л харж суугаа шившигт хэрэг юм” гэж дээрх холбооны тэргүүн Жим Булема хэлсэн байна. Үг хэлэх эрх чөлөө бол хүний салшгүй эрх мөн. Гэтэл сэтгүүлчдийн бичиж, хэлж байгаа зүйлийг зарим хүн таашаахгүй байна” гэж тэр онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн нийтдээ 32 сэтгүүлч амь үрэгдсэн Ойрхи Дорнод болон Араб дахины орнууд сэтгүүлчдийн хувьд хамгийн аймшигтай нутаг болж байна. Ирак, Пакистан, Мексикт  олон нийтийн мэдээллийн хэрэгслийн салбарт ажиллаж байсан тус бүр 11 хүн амь насаараа хохирчээ. Олон улсын сэтгүүлчдийн холбоо дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 600 мянга орчим ажилтныг нэгтгэдэг. Тус байгууллагын төв байр  нь Брюссель хотод байдаг юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ