Германы сургагч нартай уулзав
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Я.Чойжамц Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний “Умард” хариуцлагын бүсэд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтын үйл ажиллагаа дуусч байгаатай холбогдуулан германы сургагч нартай уулзжээ. Уулзалт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яаманд болж, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ноён Шаллер, ГХЯ, Стратегийн судалгааны хүрээлэнгийн холбогдох хүмүүс, Афганистанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн удирдах бүрэлдэхүүн болон Бундесверийн сургагч багш нар оролцож, ажиллагааны өмнөх бэлтгэлийн талаар санал бодлоо солилцсон байна. 34 хүний бүрэлдэхүүнтэй германы цэргийн сургалтын баг энэ сарын 12-ний өдрөөс эхлэн Таван толгойд ажиллагааны өмнөх сургалтыг хамтран явуулж эхэлсэн бөгөөд манай цэргийн баг Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд бэлтгэлээ хангасны дараа ирэх сарын дундуур ажиллагааны газар орныг зорих юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ