"Сэжигтнээр татсан зарлан ирсэн"
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг өнөөдрөөс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Түүнийг Интерполд захидал илгээж Н.Энхтуяа нарт холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж буй хэмээн үзэж байгаа аж. Үүнд тэрбээр дараахь тайлбарыг өгч байна.
-Та Интерполд Д.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоох тухай цахим шуудан илгээсэн гэж үнэн үү?
-Би Интерполд захиа илгээсэн нь үнэн. Улс төрийн зорилгоор монголын иргэдийг гадаадад эрэн сурвалжилж байгаа нь хэр шударга вэ. Учир нь манай намын даргын хэрэгтэй холбогдуулан эдгээр хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа. Интерполд манай улсын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл гарсан байсан. Шалгаад үзэхэд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Д.Хуяга гэсэн хоёр хүн байсан. Энэ талаар манай намынхан улс төрийн зорилготой хилс хэрэг гэж үзэж байгаа. Яг сонгуулийн өмнө, тодорхой нэг намаас зохион байгуулалттай сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж хийсэн үйлдэл. Одоо ч гэсэн миний байр суурь ийм байгаа. Ямар үр дүн гарахаас үл хамаараад энэ байр суурьтай байна гэж бодож байна. АТГ-аас өчигдөр надаас гэрчийн мэдүүлэг авахаар ирсэн. Харин өнөөдөр 14.00 цагт сэжигтэнээр татсан зарлан дуудах өгсөн.
-Ямар тохиолдолд дэд сайд Интерпол руу цахим шуудан илгээх үү?
-Интерпол гэдэг нь олон улсын цагдаагийн байгууллага. Интерполын хуулиар бол хар тамхи, зэвсгийн наймаа, алан халдлага, хүн худалдаалах гэмт хэрэг хийсэн хүмүүсийг эрэн сурвалжилдаг. Харин хүний эрх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, шашин шүтлэг, улс төрийн холбоотой хэргүүд дээр ажилладаггүй. Учир нь эргээд энэ нь интерполын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна. Тиймээс би интерполд захиа илгээхдээ” Та бүгд энэ талаар тодорхой судалсан уу. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хэрэгтэй хамаатай, улс төрийн зорилготой хэрэг” гэдгийг дуулгасан.

-Интерполын ерөнхий газраас монгол дахь интерполд захиа илгээж энэ талаар шалгаж үзэх хэрэгтэй гэсэн хариуг ирүүлсэн юм шиг байна. Би энэ талаар сайн мэдэхгүй байгаа. Тиймээс л цагдаагийн байгууллагад ирсэн хариуг Авлигатай тэмцэх газар руу илгээсэн. Уг нь бол Авлигатай тэмцэх газарт хамаагүй хэрэг.
-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэв таньд?
-АТГ-аас зарлан хуудас ирсэн. Сэжигтнээр тооцсон тухай. Зүйл ангийг нь тодорхой мэдэхгүй байна.
-Татварын мөнгөөр цалинжаад сууж байгаа дэд сайд нэг намын өмнөөс ажлаа хийж болох уу?
- Сайд, гишүүн болоод намынхаа даргын өмнөөс дуугарахгүй болчихлоо гэж харах хүмүүс ч бий.
Би улстөрийн албан хаагч учраас улс орон даяар болж шударга бус үйл явцтай тэмцэнэ. Тэр тусмаа тэмцэнэ. МАХН-ын гишүүн, дэд сайдын албан тушаал хашиж байгаа. Х.Тэмүүжин сайд ч, Н.Алтанхуяг сайд ч намынхаа ажлыг хийж байна. Н.Энхбаяр даргыг шударга бусаар шүүснийг хүн бүр мэднэ.
- Засгийн газрын гишүүн шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож байгаа юм биш үү?
-“Шударга ёс” эвсэл засагт орж ажиллах мөрийн хөтөлбөртөө шударга ёсыг тогтооно гэж тусгасан. Тэр хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө би ажиллана.
Н.Энхбаяр даргын хувьд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад нэр төрд халдаж улс төржиж байгааг олон хүн мэдэх байх.
-Нэг хүний эрх ашгийн төлөө ажиллах юм уу эсхүл нийтийн өмнөөс ажиллах ёстой юм уу. Таны өгч буй мэдээллээр бол дөрвөн жил намынхаа ажлыг хийнэ гэж ойлголоо. Тэгвэл намынхаа байранд очиж ажиллавал яасан юм бэ?
-Намынхаа ажлыг хийнэ. Та нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэрэв ингэж ажиллуулахгүй гэвэл би энэ албан тушаалд ажиллаад байх ч шаардлага байхгүй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ