Зарим димломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг хүлээн авч уулзав

img

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Канад Улсын Элчин сайд Г.Гоулдхок, АНУ-ын Элчин сайд П.Кэмпбелл, Япон Улсын Элчин сайд Т.Шимизү, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ж.Пиерсон, Австрали Улсын Ерөнхий Консул Д.Лоусон нарыг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар Гадаад харилцааны сайдтай уулзаж буй зорилгоо тайлбарлахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болон хойно Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал үүссэнээс гадаадын түншүүдийг болгоомжилсон, хүлээсэн, эргэлзсэн байдалд оруулж буйд Монгол Улсын тодорхойлсноор гуравдахь хөрш гэгддэг дотно харилцаатай түнш орнуудын хувьд санаа зовниж буйгаа онцлов. Эл байдал удаан үргэлжилбэл гадаад ертөнц дэх хөрөнгө оруулагчдын зүгээс итгэх итгэл буурах магадлалтай тул харилцан мэдээлэл солилцож, Монгол Улсын шинэ Засгийн газрын үйл ажиллагааг хөрөнгө оруулагчдад зөвөөр ойлгуулахад хамтран ажиллахад бэлэн буйгаа мөн илэрхийлэв. ДТГ-ын Тэргүүн нар, тухайлбал, “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсаас гадаадын хөрөнгө оруулагчтай сайтар хэлэлцэж байж, оролцогч талуудад харилцан ашигтайгаар байгуулсан үлгэр авахуйц гэрээ гэж үздэгээ онцлоод УИХ-аар хэлэлцэн батлах гэж буй Монгол Улсын 2013 оны төсвийн төсөлд “Оюу толгой” төслөөс орох орлогыг харилцан тохиролцсон заалтыг өөрчлөх нөхцлөөр нэмэгдүүлэхээр тусгаж буй нь уг гэрээг хөндөх юм байна гэсэн ойлголт өгч, улмаар Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын хууль зүйн орчны тогтвортой байдалд бүхэлдээ эргэлзээ төрүүлэх үр дагавартайг анхааралдаа авахыг хүсэв. Энэ гэрээг хөндвөл Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад багагүй уршиг учирч, эдийн засгийн огцом өсөлт саарч, ардчиллын зарчмуудыг дээдэлсээр ирсэн олон улс дахь үлгэр жишээ нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл болох вий гэж мөн дурдав. Сайд Л.Болд гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжил, өсөлтөд урьдын адил чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцлоод ДТГ-ын Тэргүүн нарын байр суурь, дэвшүүлж буй саналыг Засгийн газартаа уламжлахаа мэдэгдэв хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зарц:
монголын баялагийн ашиг монголдоо илүү орох ёстой биш үү ашиг хонжоо хайгчид илүү ихийг авна гээд байгаа юмуу
2012-10-31